bnr-0
Оюу Толгойн зардал хэтэрсэн маргаанд Rio Tinto 139 сая ам.долларын хохирол барагдуулна
06 сарын 25, 2025
ХУВААЛЦАХ
Оюу Толгойн зардал хэтэрсэн маргаанд Rio Tinto 139 сая ам.долларын хохирол барагдуулна.

Rio Tinto компани Оюу Толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын саатлыг нуун дарагдуулсан гэх хэрэгт 139 сая ам.долларын нөхөн төлбөр олгохоор АНУ-ын хөрөнгө оруулагчидтай тохиролцлоо.

Pentwater Capital хөрөнгө оруулалтын сангийн нэхэмжлэлд 2018-2019 онд гүний уурхайн бүтээн байгуулалт 2.5 жилээр хоцорч, төсөв нь 1 тэрбум ам.доллараар хэтэрсэн ч Rio Tinto болон түүний охин компани Turquoise Hill Resources энэ талаар хөрөнгө оруулагчдад худал мэдээлэл өгсөн гэж буруутгасан юм.

Нэхэмжлэгчид гомдлоо 2020 онд Нью-Йорк хотын Холбооны шүүхэд бүртгүүлсэн бөгөөд Turquoise Hill-ийн хувьцаа эзэмшигчдийн алдагдлыг барагдуулахыг шаардаж байв.

Гомдлыг хааж Rio Tinto компани 138.75 сая ам.доллараар нөхөн төлбөр олгох урьдчилсан хүсэлтийг шүүхэд өргөн барьсан бөгөөд энэ нь шүүгчийн захирамжаар баталгаажсаны дараа хүчин төгөлдөр болох юм. Ройтерс агентлагийн мэдээлснээр уг тохиролцоог ямар нэг буруутай гэдгээ хүлээн зөвшөөрөлгүйгээр хийсэн байна.

Талууд шүүхийн зардал, цаашдын хүндрэлээс зайлсхийхийн тулд тохиролцоонд хүрсэн гэж холбогдох баримт бичигт дурдсан бөгөөд өмгөөлөгчид нийт нөхөн төлбөрийн 13 хувь буюу 18 сая ам.доллартай тэнцэх хөлс, мөн 2.6 сая ам.долларын зардал нэхэмжлэхээр төлөвлөжээ.

Turquoise Hill нь Оюу Толгой ордын 66 хувийг эзэмшдэг компани байсан бөгөөд Монголын төрийн эзэмшил 34 хувь хэвээр байгаа юм. Rio Tinto компани 2022 онд Turquoise Hill-ийн үлдсэн хувьцааг 3.3 тэрбум ам.доллараар худалдан авч, 2023 онд гүний уурхайн олборлолтыг эхлүүлээд буй юм.

Оюу Толгой төсөл нь Монголын эдийн засгийн хувьд томоохонд тооцогдох бөгөөд тус маргаан олон улсын хөрөнгө оруулагчдын итгэлд тодорхой хэмжээнд сүүдэр тусгасан. Гэсэн хэдий ч энэхүү нөхөн төлбөрийн тохиролцоо нь олон жилийн шүүхийн маргаанд цэг тавьж, төсөл цаашид тогтвортой хэрэгжихэд дэмжлэг болохоор байна.  

mobile-logo