- Дэлхийн бараа, бүтээгдэхүүний худалдаа 0.2 хувиар буурах төлөвтэй байгаа бөгөөд Хойд Америкийн экспорт хамгийн их буюу 12.6 хувиар агшина гэж тооцоолжээ.
- Хэрвээ улс орнууд харилцан хариу тариф ногдуулж, худалдааны тодорхойгүй байдал улам бүр газар авбал дэлхийн худалдаа нийтдээ 1.5 хувиар буурах эрсдэлтэй аж.
- АНУ–Хятадын худалдааны маргаан хоёр талын экспортод сөргөөр нөлөөлж, бараа бүтээгдэхүүний урсгал бусад бүс нутаг руу шилжих "худалдааны сэлгэн шилжилт" үүсгэх төлөвтэй байна.

Дэлхийн худалдааны байгууллагаас гаргасан шинэ тайланд дурдсанаар, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын зарласан өндөр тарифууд болон худалдааны бодлогын тодорхойгүй байдал 2025 онд дэлхийн худалдаанд хүчтэй сөрөг нөлөө үзүүлж болзошгүй хэмээв. Үүний улмаас дэлхийн бараа, бүтээгдэхүүний худалдаа 0.2 хувиар буурах төлөвтэй байгаа бөгөөд Хойд Америкийн экспорт хамгийн их буюу 12.6 хувиар агшина гэж тооцоолжээ.
Хэрвээ улс орнууд харилцан хариу тариф ногдуулж, худалдааны тодорхойгүй байдал улам бүр газар авбал дэлхийн худалдаа нийтдээ 1.5 хувиар буурах эрсдэлтэй аж. Энэ нь ялангуяа буурай хөгжилтэй орнуудад хүнд цохилт болохыг ДХБ анхааруулжээ.
АНУ–Хятадын худалдааны маргаан хоёр талын экспортод сөргөөр нөлөөлж, бараа бүтээгдэхүүний урсгал бусад бүс нутаг руу шилжих "худалдааны сэлгэн шилжилт" үүсгэх төлөвтэй байна. Тухайлбал, Хятадын импорт Хойд Америкаас бусад бүс рүү 4–9 хувиар нэмэгдэх магадлалтай бол АНУ-ын Хятадаас оруулдаг бараа, ялангуяа хувцас, цахилгаан хэрэгслийн импорт огцом буурах төлөвтэй байна.
Хэдийгээр Трамп өнгөрсөн долоо хоногт олон улсад ногдуулсан шинэ тарифыг 90 хоногийн хугацаанд 10 хувь болгон бууруулсан ч энэ нь түр зуурын арга хэмжээ гэж үзэж байгаа юм. Дэлхийн худалдааны байгууллагын зүгээс улс орнууд хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, худалдааны бодлогын тодорхой бус байдалд зохицсон уялдаа холбоотой шийдэл гаргах шаардлагатайг онцоллоо.