- Nvidia болон Advanced Micro Devices (AMD) компаниуд Хятадад борлуулах тодорхой төрлийн чипийн орлогын 15 хувийг АНУ-ын Засгийн газарт төлөхөөр тохиролцсон байна.
- Nvidia-гийн гүйцэтгэх захирал Женсен Хуанг өнгөрсөн долоо хоногт Трамптай уулзсан байна.
- Yuyuan Tantian гэх WeChat хаяг H20 хиймэл оюуны чипийг технологийн хувьд хоцрогдсон, байгаль орчинд ээлгүй, бүр үндэсний аюулгүй байдалд эрсдэлтэй гэж үзсэн байна.

Nvidia болон Advanced Micro Devices (AMD) компаниуд Хятадад борлуулах тодорхой төрлийн чипийн орлогын 15 хувийг АНУ-ын Засгийн газарт төлөхөөр тохиролцсон байна. Энэхүү хэлэлцээрийн хүрээнд тус хоёр компани АНУ-аас экспортын тусгай зөвшөөрөл авч, Nvidia-ийн H20 болон AMD-ийн MI308 чипийг Хятадад нийлүүлэх эрхтэй болох юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тогтоосон өндөр татварын бодлогын хүрээнд уг хэлэлцээр хийгдэж байгаа бөгөөд Цагаан ордны зүгээс онцгой зөвшөөрөл олгох боломжтой гэдгийг харуулж байна. Nvidia-гийн гүйцэтгэх захирал Женсен Хуанг өнгөрсөн долоо хоногт Трамптай уулзсан байна. “Бид дэлхийн зах зээлд оролцохдоо АНУ-ын Засгийн газраас тогтоосон дүрэм, журмыг чанд дагадаг” хэмээн Nvidia мэдэгджээ. Өнгөрсөн долоо хоногт Трамп АНУ-д үйлдвэрлэдэггүй бол хагас дамжуулагч болон чипийн импортод 100 хувийн татвар ногдуулна гэж мэдэгдсэн юм.
Түүнчлэн Nvidia ням гарагт Хятадын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслээс гаргасан шүүмжлэлд хариу мэдэгдэл хийв. Хятадын төв телевизийн (CCTV) харьяа Yuyuan Tantian гэх WeChat хаяг H20 хиймэл оюуны чипийг технологийн хувьд хоцрогдсон, байгаль орчинд ээлгүй, бүр үндэсний аюулгүй байдалд эрсдэлтэй гэж үзсэн байна. Мөн нийтлэлд H20 чип нь “холын зайн унтраалт” буюу “kill switch” тоног төхөөрөмжийг алсаас идэвхгүй болгох боломжтой гэх агуулга багтжээ.
Nvidia үүнийг эрс няцааж, “Манай чипүүдэд алсаас хандах эсвэл удирдах боломж байхгүй. Кибер аюулгүй байдал бол бидний хувьд нэн тэргүүний ач холбогдолтой” хэмээн CNBC-д мэдэгдсэн байна. Мягмар гарагт тус компани алсаас идэвхгүй болгох функц байхгүй гэдгээ дахин баталлаа.