bnr-0
Улаанбаатар метро төслийн үндсэн санхүүжүүлэгч "JP Morgan" банкны төлөөлөлтэй нийслэлийн удирдлагууд уулзлаа
07 сарын 07, 2025
ХУВААЛЦАХ
  • Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол, авто замын түгжрэлийг бууруулах, иргэдийн амьдралын чанарыг сайжруулах чиглэлээр олон томоохон бүтээн байгуулалтын төслүүдийг эрчимжүүлж байна.
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Захирагч Х.Нямбаатар үндсэн санхүүжүүлэгч, зохицуулагч JP Morgan Chase банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
  • JP Morgan Chase банк нь 2025 оны дөрөвдүгээр сараас эхлэн Улаанбаатар хотын санхүүгийн тайланд үнэлэлт дүгнэлт хийж, метроны төслийн санхүүжилтийг босгох үүрэгтэйгээр идэвхтэй ажиллаж байна.
Улаанбаатар метро төслийн үндсэн санхүүжүүлэгч "JP Morgan" банкны төлөөлөлтэй нийслэлийн удирдлагууд уулзлаа.

Монгол Улсын Засгийн газар 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол, авто замын түгжрэлийг бууруулах, иргэдийн амьдралын чанарыг сайжруулах чиглэлээр олон томоохон бүтээн байгуулалтын төслүүдийг эрчимжүүлж байна. Тэдгээр төслүүдийн дунд хамгийн онцлох нь их багтаамжтай нийтийн тээврийн хэрэгсэл болох метроны шугамыг барих ажил юм. Энэхүү төсөлд шаардлагатай санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхээр холбогдох талууд идэвхтэй хамтран ажиллаж буй юм.

Тухайлбал, нийслэлийн Засаг дарга бөгөөд Захирагч Х.Нямбаатар, метроны төслийн менежер Т.Мөнхдалай нар үндсэн санхүүжүүлэгч, зохицуулагч JP Morgan Chase банкны Ази, Номхон далайн бүсийн Төрийн байгууллагын харилцаа хариуцсан захирал Карл И Йе тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Засаг дарга Х.Нямбаатар “Энэ онд нийслэл хот авто замын түгжрэлийг бууруулах, олон төрөлт нийтийн тээврийг хөгжүүлэх, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Туулын хурдны зам, Тойрог хурдны зам, трамвай, метроны шугам зэрэг томоохон бүтээн байгуулалтын төслүүдэд олон улсын нээлттэй тендерийг үе шаттай зарлаж байгаа” гэж онцолсон юм. Тэрбээр цаашид метроны төслийг санхүүжүүлэх үндсэн зохицуулагч JP Morgan банктай хамтран санхүүжилтийн баталгааг бүрдүүлэхэд итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

JP Morgan Chase банкны Ази, Номхон далайн бүсийн Төрийн байгууллагын харилцаа хариуцсан захирал Карл И Йе хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх, дэмжихэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.

АНУ-д төвтэй, олон улсын хэмжээний хотын метро, нисэх буудлын дэд бүтцийн томоохон төслүүдийн санхүүжилтийг ECA баталгааны хүрээнд босгодог JP Morgan Chase банк нь 2025 оны дөрөвдүгээр сараас эхлэн Улаанбаатар хотын санхүүгийн тайланд үнэлэлт дүгнэлт хийж, Монгол Улсын холбогдох хууль, журамд шинжилгээ хийх замаар олон улсын зах зээлээс метроны төслийн санхүүжилтийг босгох үүрэгтэйгээр идэвхтэй ажиллаж байна.

Энэхүү хамтын ажиллагаа нь нийслэлийн дэд бүтцийн хөгжил, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх томоохон алхам болж, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чухал нөлөө үзүүлэхээр байгаа юм.  

mobile-logo