bnr-0
Хэт боловсруулсан хоол хүнс хортой юу?
08 сарын 29, 2024
ХУВААЛЦАХ
  • Хэт боловсруулсан хоол хүнс нь таргалалт, хорт хавдар, зүрхний өвчин, чихрийн шижин, сэтгэл гутрал буюу сэтгэцийн өвчин, эрт нас баралт, ходоод, бодисын солилцоо зэрэг 32 төрлийн өвчин эмгэгтэй шууд холбогддог байна.
  • Шинжлэх ухаан, эрдэмтдийн судалгаагаар хэт боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн нь хүний биед сөрөг нөлөөтэйг тогтоосон боловч хүнс үйлдвэрлэгчдийн үзэж буйгаар тус бүтээгдэхүүнүүд хүний биед тэжээллэг чанарыг ч мөн өгдөг хэмээжээ.
  • Жишээлбэл, бүхэл үрийн талх, тараг, дүпү, хүүхдийн сүүн тэжээл нь хэт боловсруулагдсан боловч тэжээллэг чанарыг агуулж байдаг юм.
Маш олон судалгаагаар хэт боловсруулсан хүнсний бүтээгдэхүүний сөрөг нөлөөг онцлоод буй гэвч хүнсний бүтээгдэхүүнийг боловсруулах нь хүний биед муу нөлөөтэй эсвэл хэт боловсруулсан бүтээгдэхүүнд агуулагдаж буй найрлага сөрөг эсэхийг тогтоогоогүй байдаг аж. 

Бидний өдөр тутмын хоол хүнсний хэрэглээний дийлэнх хувийг хэт боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн эзэлдэг. Өдрийн хоолонд түргэн хоол, хүүхэд залуучуудын хэрэглээнд хийжүүлсэн ундаа, чипс, амттан зэрэг нь түгээмэл байдаг билээ. 

Хэт боловсруулсан хоол хүнс нь таргалалт, хорт хавдар, зүрхний өвчин, чихрийн шижин, сэтгэл гутрал буюу сэтгэцийн өвчин, эрт нас баралт, ходоод, бодисын солилцоо зэрэг 32 төрлийн өвчин эмгэгтэй шууд холбогддог байна. 

2017 онд хийсэн Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн судалгаагаар нийт бүс нутгийн түвшинд илүүдэл жин ба таргалалтын тархалт насанд хүрэгчдийн дунд тахлын хэмжээнд хүрч, хүүхдийн дунд өсөн нэмэгдсээр, нийгмийн эрүүл мэндэд тулгарч буй хамгийн том асуудал болсон байна. 

Судалгаанд оролцсон нийт хүүхдийн талаас илүү хувь эрүүл бус хүнс болон чихрийн агууламж ихтэй хүнсний бүтэгдэхүүнийг долоо хоногт хамгийн багадаа 1 удаа, 45.7 хувь нь хэд хэдэн удаа хэрэглэсэн хэмээн хариулсан байна. 

Шинжлэх ухаан, эрдэмтдийн судалгаагаар хэт боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн нь хүний биед сөрөг нөлөөтэйг тогтоосон боловч хүнс үйлдвэрлэгчдийн үзэж буйгаар тус бүтээгдэхүүнүүд хүний биед тэжээллэг чанарыг ч мөн өгдөг хэмээжээ. 

Хэт боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн гэж юу вэ? 

Ихэнх хоол хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах хугацааг уртасгаж, амт чанарыг хадгалах зорилгоор хөлдөөх, нунтаглах, исгэх зэрэг аргаар боловсруулдаг байна. 2009 онд Бразилын тархвар судлаач Карлос Монтейро болон түүний хамтрагчид хоол хүнсийг шим тэжээлийн агууламжаар бус боловсруулалтын хэмжээгээр нь ангилах системийг анх санал болгосон юм. 

Хэт боловсруулсан хүнс нь ихэвчлэн элсэн чихэр, давс, өөх тосыг зөв хослуулсан байдаг тул амт чанарын хувьд ихээхэн тааламжтай байдаг аж. Гэвч зөвхөн боловсруулалтын түвшин нь хоол хүнс эрүүл бус эсэхийг тодорхойлдоггүй байна. Жишээлбэл, бүхэл үрийн талх, тараг, дүпү, хүүхдийн сүүн тэжээл нь хэт боловсруулагдсан боловч тэжээллэг чанарыг агуулж байдаг юм. 

Тэгвэл хэт боловсруулсан хоол хүнс хортой юу?

Маш олон судалгаагаар хэт боловсруулсан хүнсний бүтээгдэхүүний сөрөг нөлөөг онцлоод буй гэвч хүнсний бүтээгдэхүүнийг боловсруулах нь хүний биед муу нөлөөтэй эсвэл хэт боловсруулсан бүтээгдэхүүнд агуулагдаж буй найрлага сөрөг эсэхийг тогтоогоогүй байдаг аж. 

Тухайлбал хэт боловсруулсан хоол хүнс нь натри, ханасан өөх тос, элсэн чихэр ихтэй, эслэг, уураг багатай байдаг байна. Эдгээр найрлагын хэрэглээг хэтрүүлэх аваас сөрөг нөлөө илэрч буй байж болзошгүй байгаа юм. 

Иймд эрдэмтдийн зөвлөж байгаагаар баталгаатай судалгаа гарж ирэхийг хүлээж суух нь өрөөсгөл ойлголт бөгөөд хүнсний тэжээлийн агууламж, найрлагыг хянаж, хүүхэд багачуудын чихрийн хэрэглээг хянаж байх нь зүйтэй аж. 

Түүнчлэн чихэр, өөх тосны агууламж өндөртэй хүнсний татварыг нэмэгдүүлэх, эсвэл төрийн бодлогыг шинээр бий болгож, хэрэгжүүлэх, зарим төрлийн хүнсний хүртээмжийг тодорхой хэмжээгээр хязгаарлах зэрэг арга хэмжээг авч эхлэх нь зүйтэй хэмээн эрдэмтэн, судлаачид зөвлөж байна.   

mobile-logo