- 2025 оны байдлаар зээлийн мэдээллийн санд 1.6 сая иргэн, 19.6 мянган аж ахуйн нэгжийн зээл, төлбөрийн мэдээлэл хадгалагдаж байна.
- Зээлийн мэдээллийн тухай хуульд мэдээллийг зөвхөн зээлжих чадварын үнэлгээнд ашиглах, бусад зорилгоор ашиглахыг хориглоно.
- Зээлийн мэдээллийн сан тогтмол шинэчлэгдэж, зээлжих зэрэглэл тогтоосноор иргэд зээлийн оноогоо мэдэж, сайжруулахын тулд төлбөрөө хугацаанд нь төлөх, санхүүгийн сахилга, төлөвлөлт сайжирна.

Монгол Улсын банкны салбарын чанаргүй зээлийн үлдэгдлийг бууруулахын тулд банк, санхүүгийн салбарын хууль тогтоомжийг нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал болон салбарын хөгжилтэй уялдуулан шинэчлэх шаардлага үүсээд байна. Энэ хүрээнд Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг өнгөрсөн арванхоёрдугаар сард өргөн мэдүүлж, өнгөрсөн тавдугаар сард баталсан билээ.
Одоогоор зээлийн мэдээллийн санд 12 банк, 436 банк бус санхүүгийн байгууллага, харилцаа холбооны компани, төрийн байгууллагын харьяа сангууд, хадгаламж зээлийн хоршоодоос мэдээлэл нийлүүлж, 2025 оны байдлаар 1.6 сая иргэн, 19.6 мянган аж ахуйн нэгжийн зээл, төлбөрийн мэдээлэл хадгалагдаж байна.
Хэдийгээр хуульд зээлийн мэдээллийг төвлөрүүлэх зохицуулалт байдаг ч иргэдийн зээлжих чадварыг үнэлэх, онооны аргачлал батлах, хэрэгжүүлэх талаар нарийн заалт дутмаг байв. Зээлдэгчийн зээлийн түүхийн үнэн зөв, бүрэн мэдээлэл нь зээлжих зэрэглэл тогтоох үндэс болох тул мэдээллийг тогтмол шинэчилж, нэгдсэн аргачлалаар үнэлэхийг энэхүү нэмэлт өөрчлөлтөөр зорьжээ.
Иймд Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, олон улсын жишгийн дагуу зээлдэгчийн зээлжих чадварын зэрэглэл, бүтээгдэхүүн, үйлчилгээний хөлсийг тогтоох, мэдээллийг зөвхөн зээлжих чадварын үнэлгээнд ашиглах, бусад зорилгоор ашиглахыг хориглох зохицуулалт тусгав.
Хууль батлагдсанаар иргэдийн санхүүгийн боловсрол дээшилж, өөрийн зээлийн оноогоо мэддэг, түүнийгээ сайжруулахын тулд хугацаандаа төлбөрөө төлдөг соёл төлөвшиж, бизнесийн болон санхүүгийн сайн төлөвлөлттэй болж, сахилга хариуцлага дээшлэх, түүнчлэн зээлдэгчийн зээлийн мэдээллийн санд алдаатай мэдээлэл орсон бол тухай бүр залруулах, бусад эрсдэлтэй үйлдлээс сэргийлэх боломжтой болж хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахад ихээхэн ач холбогдолтой гэж үзжээ.