- Манай улсад энэ оны долдугаар сарын байдлаар 436 мянган жуулчин иржээ.
- Энэ нь 2024 онд 1.3 сая жуулчин хүлээн авна гэсэн зорилтын 34 хувь нь юм.
- Өнгөрөгч онд 1 сая жуулчин хүлээн авах зорилт тавин 651,061 жуулчин хүлээн авч дотоодын эдийн засагт 1.2 тэрбум ам.долларын орлого төвлөрүүлсэн байдаг.

Манай улсад энэ оны долдугаар сарын байдлаар 436 мянган жуулчин ирсэн тухай Аялал жуулчлалын хөгжлийн төвөөс мэдээллээ.
Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлан, бодлого арга хэмжээ хэрэгжүүлж байгаа. Өнгөрөгч онд 1 сая жуулчин хүлээн авах зорилт тавин 651,061 жуулчин хүлээн авсан. Үр дүнд нь дотоодын эдийн засагт 1.2 тэрбум ам.доллар буюу 4.4 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлсэн байдаг.
Харин 2024 онд 1.3 сая жуулчин хүлээн авна гэсэн зорилт тавьсан бөгөөд одоогийн байдлаар 34 хувьтай байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад жуулчдын тоо 12.68 хувиар өссөн гэсэн үг. Тооцоолж үзвэл, 2024 онд зорилтот хэмжээндээ буюу 1.3 сая жуулчин хүлээж авч чадахгүй ч өнгөрсөн онд ирсэн жуулчдын тооноос давах таамаглал байна.