- 2025 оны эхний гурван сард суррон унаж 15 хүүхэд осолд өртсөн байна.
- Нэг хүүхэд ноцтой гэмтэж, таван хүүхэд хүндэвтэр гэмтэл авсан нь тогтоогджээ.
- Сурроныг зөвхөн 18 нас хүрсэн, А ангиллын үнэмлэхтэй иргэн ашиглахыг стандарт тогтоосон байна.

2025 оны нэгдүгээр улиралд суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон хүүхдүүдийн тоо эрс өсч, нийт 15 хүүхэд осолд өртсөн тухай Тээврийн Прокурорын албанаас мэдээллээ. Нийтдээ 11 зам тээврийн осол бүртгэгдсэн бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хүүхдийн осол 60 хувиар нэмэгдсэн ноцтой үзүүлэлт болж байна.
Ослын нөхцөл байдлыг тодруулбал, 11 хүүхэд автомашины зорчих хэсгээр суррон унаж хөдөлгөөнд оролцох үеэр, хоёр хүүхэд явган хүний гарц дээр, хоёр хүүхэд явган хүний гарцгүй хэсгээр зам хөндлөн гарах үедээ автомашинд мөргүүлсэн байна.
Харин гэмтлийн байдлыг ангилбал, зургаан хүүхэд хөнгөн бэртэж, тав нь хүндэвтэр гэмтэл авсан бол нэг хүүхдийн эрүүл мэндэд ноцтой хохирол учирсан байна. Насны хувьд осолд өртсөн хүүхдүүдийн 46.7 хувь нь 17 настай, 20 хувь нь 16 настай, 26.7 хувь нь 15 настай, 6.7 хувь нь 14 настай хүүхдүүд байжээ. Мөн хүйсийн харьцаагаар авч үзвэл осолд орсон хүүхдүүдийн ес нь эрэгтэй, зургаа нь эмэгтэй байв.
Стандарт хэмжил зүйн газраас баталсан “Авто тээврийн хэрэгслийн ангилал, техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” стандартад зааснаар суррон унахыг зөвхөн 18 нас хүрсэн, А ангиллын жолооны үнэмлэхтэй иргэдэд зөвшөөрсөн байдаг. Иймд холбогдох байгууллагууд эцэг эх, асран хамгаалагчдад хандан 18 нас хүрээгүй хүүхдийг суррон унуулж хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг анхааруулж, хүүхдүүдэд сурроны хэрэглээтэй холбоотой эрсдэл, аюулыг сайтар ойлгуулахыг албаныхан зөвлөж байна.
Мөн 18 нас хүрсэн иргэд суррон унахдаа замын хөдөлгөөний дүрэм, техникийн аюулгүй байдлыг чандлан сахиж, хамгаалалтын хувцас, хэрэгслийг бүрэн хэрэглэж байх нь өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалахад нэн чухал болохыг санууллаа.