- АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар энэ баасан гарагт АНУ-ын Аляска мужид уулзаж, Украинд өрнөж буй дайныг зогсоох хэлэлцээ хийх гэж байна.
- Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский тэргүүтэй албаныхан уулзалтын урилга аваагүй байгаа юм.
- Уулзалтын мэдээ олон улсын санхүүгийн зах зээлд эергээр нөлөөлж, Европ, АНУ-ын биржүүд өсөлттэй хаагдсан байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар энэ баасан гарагт АНУ-ын Аляска мужид уулзаж, Украинд өрнөж буй дайныг зогсоох хэлэлцээ хийх гэж байна. Уулзалт хэд хоногийн дараа товлогдсон ч энэ нь Кремль төдийгүй, Оросын эдийн засаг болон дэлхийн санхүүгийн зах зээлд аль хэдийн “ялалт” авчирсан гэж шинжээчид үзэж байна.
“2007 оноос хойш анх удаа АНУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар Америкийн нутаг дэвсгэрт уулзаж байгаа нь Путины хувьд өөрөө том амжилт. Урьдчилсан нөхцөл, Украины оролцоо, Европын төлөөлөлгүй байх нь ч түүний хувьд ялалт” хэмээн Лондоны Бизнесийн сургуулийн эдийн засгийн факультетын дарга Ричард Портес CNBC-д онцоллоо.
Харин Киевт бол уур амьсгал таагүй байна. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский тэргүүтэй албаныхан уулзалтын урилга аваагүй байгаа бөгөөд Киев “Өөрийн оролцоогүйгээр ямар ч хэлэлцээр байгуулахыг зөвшөөрөхгүй” хэмээн мэдэгдсэн. Европын удирдагчид Украиныг заавал оролцуулах шаардлага тавьж байгаа бол АНУ Зеленскийг урих асуудлыг авч хэлэлцэж буй талаар NBC News мэдээлжээ.
Хэлэлцээ өрнөх энэ үед Орос өмнөд, зүүн Украинд цэргийн дайралтаа үргэлжлүүлж байгаа бөгөөд гал зогсоох тохиролцоонд хараахан хүрээгүй байна.
“Путин цэргийн талбарт харьцангуй хүчтэй байр суурьтай байгаа ч эдийн засгийн хувьд сул байна. Газрын тос, хийн орлого эрс буурсан, төсвийн алдагдал өндөр, эдийн засгийн үзүүлэлтүүд тааруу байгаа” хэмээн Портес дурдлаа.
Уулзалтын мэдээ олон улсын санхүүгийн зах зээлд эергээр нөлөөлж, Европ, АНУ-ын биржүүд өсөлттэй хаагдсан байна.