- “Tesla” компанийн хувьцааны ханш лхагва гарагт шинэ дээд түвшин тогтоож, 424.77 ам.доллароор хаагдлаа. Энэ нь 2021 онд тогтоосон өмнөх дээд ханшаас даруй 15 ам.доллараар өндөр үзүүлэлт юм.
- Тус компанийн хувьцааны ханш энэ жил 71 хувиар өссөнөөс зөвхөн арваннэгдүгээр сард 38 хувийн өсөлтийг бүрдүүлжээ.
- Илон Маск ирэх жил хямд өртөгтэй шинэ загварууд болон автомат жолоодлоготой технологийн дэвшлүүдийн ачаар автомашины борлуулалтаа 20-30 хувиар өсгөх боломжтой гэж үзэж байна.
“Tesla” компанийн хувьцааны ханш лхагва гарагт шинэ дээд түвшин тогтоож, 424.77 ам.доллароор хаагдлаа. Энэ нь 2021 онд тогтоосон өмнөх дээд ханшаас даруй 15 ам.доллараар өндөр үзүүлэлт юм. Энэхүү огцом өсөлт нь Дональд Трамп Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсны дараах хөрөнгө оруулагчид тус компанид илүү итгэл хүлээлгэж эхэлснээс үүдэлтэй аж. Тус компанийн хувьцааны ханш энэ жил 71 хувиар өссөнөөс зөвхөн арваннэгдүгээр сард 38 хувийн өсөлтийг бүрдүүлжээ. Энэ нь 2023 оны нэгдүгээр сараас хойших хамгийн өндөр сарын гүйцэтгэлд тооцогдож байна.
Илон Маск Трампыг тууштай дэмжиж, сонгуулийн сурталчилгаанд 277 сая ам.долларын хандив өргөсөн нь хөрөнгө оруулагчдын итгэлийг улам нэмэгдүүлжээ. Шинжээчид, тэр дундаа “Goldman Sachs” болон “Morgan Stanley”-ийн мэргэжилтнүүд “Tesla”-ийн ирээдүйн төлөвийг өөдрөгөөр үнэлж, хувьцааны зорилтот ханшийг нэмэгдүүлсэн байна. Тэдний үзэж буйгаар, “Tesla” нь хиймэл оюун ухаан болон автомат жолоодлоготой автомашины салбарт тэргүүлэх байр сууриа бататгах өндөр боломжтой аж.
Хэдийгээр тус компанийн хувьцааны ханш ийн өссөн ч 2024 оны эхний улиралд ханш нь 29 хувиар унасан нь томоохон сорилт болсон. Энэ нь компанийн орлого буурах, өрсөлдөөн ширүүсэх зэрэг шалтгаанаас үүдэлтэй байв. Гэсэн хэдий ч гуравдугаар улирлын тайланд жилийн орлого нь 8 хувиар өсөж, ашиг нь хүлээлтээс давсан тухай мэдээлжээ. Илон Маск ирэх жил хямд өртөгтэй шинэ загварууд болон автомат жолоодлоготой технологийн дэвшлүүдийн ачаар автомашины борлуулалтаа 20-30 хувиар өсгөх боломжтой гэж үзэж байна.
Энэхүү үр дүн нь "Tesla"-г дэлхийн автомашины зах зээл дэх өөрийн байр сууриа улам бүр бататгах боломжийг нээж өгч буйгаас гадна хөрөнгө оруулагчдын итгэлийг удаан хугацаанд хадгалж чадна хэмээн шинжээчид онцолж байна.