- Олон улсын эрчим хүчний агентлагийн тооцооллоор БНХАУ 2015 онд дэлхийн нийт эрчим хүчний хэрэглээний дөрөвний нэгийг дангаар бүрдүүлж байсан бол 2025 он гэхэд гуравны нэгийг эзлэх төлөвтэй байна. Түүний 60 хувийг нүүрсний эрчим хүч бүрдүүлэх төлөвтэй байна.
- Дэлхий дахинаа нүүрсний хэрэглээ 2023 онд анх удаа 8.5 тэрбум тонныг давж, түүхэн дээд түвшинд хүрсэн бөгөөд энэ нь Энэтхэг, Хятад тэргүүтэй топ хэрэглэгчдийн эрэлт нэмэгдэж буйтай холбоотой хэмээн Олон улсын эрчим хүчний агентлагаас мэдэгдлээ.
- Дэлхийн нүүрсний хамгийн том хэрэглэгч Хятад, Энэтхэг улсад эрчим хүчний хэрэглээ хурдацтай өсөж байна.
БНХАУ, БНЭУ тэргүүтэй хурдацтай хөгжиж буй улс орнууд сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр амбицтай төлөвлөгөө танилцуулсан ч нүүрсний эрэлт нь улам бүр нэмэгдэх төлөвтэй байгааг шинжээчид тэмдэглэж байна.
Эрчим хүчний хэрэглээгээр Хятад улс дэлхийд тэргүүлж, харин Энэтхэг гуравдугаарт бичигдэж буй. Хоёр улс хоёул эдийн засгийн өсөлтийг дэмжих чиглэлээр идэвхтэй арга хэмжээ авч, тэр хэрээр эрчим хүч, ялангуяа нүүрсний хэрэглээ нь жил ирэх тусам өссөн дүн харуулж буй.
Олон улсын эрчим хүчний агентлагийн тооцооллоор БНХАУ 2015 онд дэлхийн нийт эрчим хүчний хэрэглээний дөрөвний нэгийг дангаар бүрдүүлж байсан бол 2025 он гэхэд гуравны нэгийг эзлэх төлөвтэй байна. Түүний 60 хувийг нүүрсний эрчим хүч бүрдүүлэх төлөвтэй байна.
Энэтхэгийн хувьд мөн адил эдийн засгийн хувьд хурдацтай тэлж буй учраас газрын тос, байгалийн хий тэргүүтэй эрчим хүчний түүхий эдийн хэрэглээ хурдацтай өснө хэмээн эрчим хүчний хөрөнгө оруулалтын менежментийн “Tortoise Capital” компанийн гүйцэтгэх захирал Роб Таммел CNBC-д ярьжээ. Түүнчлэн “Энэтхэг, Хятад улс ирэх арван жилийн хугацаанд хурдацтай өсвөл эрчим хүчний нүүрсний хэрэглээ дэлхий дахинаа буурахгүй л болов уу” хэмээн “Astris Advisory Japan KK” компанийн түүхий эдийн стратегич Иен Роупер тэмдэглэсэн юм.
БНХАУ, БНЭУ-ын хувьд нүүрсний хэрэглээ өмнөх жилээс өссөн үзүүлэлттэй гарах төлөвтэй байна. Ингэснээр нүүрсхүчлийн хийн ялгаруулалт буурах бус, харин ч өсөх дүр зураг ажиглагдаж байна.
Дэлхийн нүүрсний хэрэглээ 2023 онд дээд түвшиндээ хүрч, түүхэндээ анх удаа 8.5 тэрбум тонн давсан бөгөөд энэ нь Хятад, Энэтхэг зэрэг хөгжиж буй орнуудад эрэлт нэмэгдэж буйтай холбоотой хэмээн Олон улсын эрчим хүчний агентлагийн тайланд дурджээ. Өмнөх жилүүдтэй харьцуулахад бууралт ажиглагдаагүй төдийгүй Энэтхэг болон Зүүн Өмнөд Азийн орнуудад эрс өсөх төлөвтэй хэмээн энэхүү тайланд тэмдэглэсэн байна.
2023 оны гуравдугаар сар хүртэлх санхүүгийн жилд Энэтхэгийн нүүрс олборлолт 893 сая тоннд хүрч өссөн бөгөөд энэ нь өмнөх жилийн мөн үеэс 15 хувиар өссөн үзүүлэлт юм. Харин Хятадын түүхий нүүрсний олборлолт 2023 оны нэгээс арваннэгдүгээр сард өмнөх оноос 2.9 хувиар дээшилжээ. Тэгвэл дэлхийн нүүрсний хоёр дахь том хэрэглэгч АНУ-ын хувьд хэрэглээ нь буурсан үзүүлэлттэй байна. Эрчим хүчний эдийн засаг, санхүүгийн шинжилгээний институтын мэдээллээр тус улсын нэг өдөрт хэрэглэдэг нүүрсний хэмжээ 2.8 саяас 1.1 сая тонн хүртэл 62 хувиар буурчээ.
Нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг бууруулах төлөвлөгөөнөөс ухрав уу?
Чулуужсан түлшнээс ялгарах нүүрсхүчлийн хийн хэмжээ өнгөрсөн жил дэлхий дахинаа бүх цаг үеийн дээд түвшинд хүрсэн юм. Тухайлбал, Энэтхэгт нүүрсхүчлийн хийн ялгаруулалтын хэмжээ 2023 онд 8.2 хувиар өссөн бол Хятадын хувьд дөрвөн хувиар өссөн үзүүлэлт гарах төлөвтэйг “Global Carbon Budget” мэдэгджээ. “БНХАУ, БНЭУ-ын хувьд нүүрсний хэрэглээ өмнөх жилээс өссөн үзүүлэлттэй гарах төлөвтэй байна. Ингэснээр нүүрсхүчлийн хийн ялгаруулалт буурах бус, харин ч өсөх дүр зураг ажиглагдаж байна” хэмээн Роб Таммел мөн яриандаа онцолсон юм.
Эдгээр хоёр улсын хувьд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээгээ эрс нэмэх “түрэмгий” хэмээн тодотгож болохуйц төлөвлөгөө танилцуулсан билээ.
Энэтхэг улс 2030 он гэхэд эрчим хүчний нийт эрэлтийнхээ 50 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангана гэж мэдэгдээд буй бөгөөд одоогийн байдлаар эрчим хүчний үйлдвэрлэлийн 22 хувийг ногоон шийдлээр хангаж байгаа юм. Харин 75 орчим хүвийг нүүрсээр галладаг цахилгаан станцаас гарган авч буй бөгөөд станцууд дахь нүүрсний нөөц нь 2023 онд нийт зургаан хувиар өсөөд буйг “Citibank”-ны судалгаанд тэмдэглэжээ. Тус улс мөн ирэх найман жилийн хугацаанд нүүрсний технологи бүхий дулааны станцын хүчин чадлыг 80 Гвт-аар нэмэхээр төлөвлөж буй.
Түүний адил, БНХАУ-ын нийт эрчим хүч үйдвэрлэлийн 61 хувийг нүүрсний технологи бүрдүүлж байгаа хэдий ч сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээр хамгийн өндөр өсөлттэй орнуудыг тэргүүлж байна. Жишээлбэл, 2022 онд БНХАУ-д шинээр байгуулагдсан сэргээгдэх эрчим хүчний төслүүдийн нийт хүчин чадал нь дэлхийн бусад улс орнуудад хэрэгжүүлсэн нийт төсөлтэй дүйцэхүйц хэмжээнд хүрээд буй. Улмаар Хятад 2060 он гэхэд нүүрсхүчлийн хийн ялгаруулалтаа тэглэх зорилттой байгаагаа дэлхий дахинаа танилцуулсан билээ.
Гэсэн ч сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл тогтворгүй байгаа нь эдгээр улс орон нүүрсний технологи бүхий цахилгаан станцаас ангижрах амбицыг эрсдэлд оруулсаар байгаа юм.
“БНХАУ-ын хувьд цөөн жилийн өмнө эрчим хүчний дутагдалд орж байсан, нөгөө талаас усан цахилгаан станцын эрчим хүч үйлдвэрлэл дорвитой өсөөгүй нь нүүрсний технологиос татгалзахад хүндрэл учруулж байгаа юм” хэмээн Роупер яриандаа тодотгожээ.
Өнгөрсөн жил БНХАУ-ын өмнөд хэсгийн зарим мужид олон сар дараалсан ган нүүрлэсэн нь усан цахилгаан станцын эрчим хүч үйлдвэрлэлд сөрөг нөлөө үзүүлсэн юм. Тиймээс аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хүн амын эрчим хүчний хэрэглээг хангахын тулд тус улс нүүрсний технологио үргэлжлүүлэн ашиглахаас өөр аргагүйд хүрээд байгаа юм.
Үүнтэй ижил төстэй байдал ч мөн Энэтхэгийн эрчим хүчний экосистемд нүүрлээд буй. Өнгөрсөн аравдугаар сарын байдлаар Энэтхэгийн эрчим хүчний нийт үйлдвэрлэлд нүүрсний технологийн эзлэх хувь хэмжээ 80 хувьд хүрсэн нь өмнөх оноос долоон хувиар өссөн үзүүлэлт аж. Тус улсад олон жилийн дунджаас бага хэмжээний бороо орсон нь усан цахилгаан станцын үйлдвэрлэлд нь сөрөг нөлөө үзүүлсэн байна. Харин мөн хугацаанд тус улсын нүүрсний олборлолт өмнөх оны мөн үеэс 18 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.
Хөгжиж буй улс орнуудыг тэргүүлж буй эдгээр улс ирэх цөөн жилийн хугацаанд эрчим хүчний үйлдвэрлэлийн хувьд нүүрснээс татгалзах боломжгүй гэдгийг эдгээр үзүүлэлт харуулж байгаа юм. “Энэтхэг төдийгүй Хятадын хувьд ямартай ч ирэх арван жилийн хугацаанд нүүрсний хэрэглээ нь буурах бус, харин өсөх төлөв ажиглагдаж байна” хэмээн Роупер яриандаа тэмдэглэсэн билээ.