Австрали 16-аас доош насныхныг YouTube ашиглахыг хориглолоо
08 сарын 12, 2025
ХУВААЛЦАХ
  • Австралийн Засгийн газар 16-аас доош насны хүүхдүүд цахим сүлжээ ашиглахад хориг тавих шинэ журамд YouTube-ийг багтаахаар шийдвэрлэлээ.
  • YouTube нь Facebook, Instagram, Snapchat, TikTok, X зэрэг томоохон платформуудын адил хориглох журамд хамаарах юм.
  • Шинэ хуульд зааснаар цахим сүлжээний компаниуд 16-аас доош насны хүүхдүүдийн бүртгэл үүсгэхээс сэргийлэх үүрэгтэй.
Австралийн Засгийн газар 16-аас доош насны хүүхдүүд цахим сүлжээ ашиглахад хориг тавих шинэ журамд YouTube-ийг багтаахаар шийдвэрлэлээ.

Австралийн Засгийн газар 16-аас доош насны хүүхдүүд цахим сүлжээ ашиглахад хориг тавих шинэ журамд YouTube-ийг багтаахаар шийдвэрлэлээ. Alphabet-ийн эзэмшилд байдаг YouTube нь Facebook, Instagram, Snapchat, TikTok, X зэрэг томоохон платформуудын адил хориглох журамд хамаарах бөгөөд уг хууль энэ оны арванхоёрдугаар сараас хэрэгжиж эхэлнэ хэмээн тус улсын Засгийн газар мэдэгдсэн байна.

Ийнхүү Австралид 16-аас доош насны хүүхдүүд бүх төрлийн томоохон нийгмийн цахим сүлжээг ашиглах боломжгүй болж байгаа юм.  

Шинэ хуульд зааснаар цахим сүлжээний компаниуд 16-аас доош насны хүүхдүүдийн бүртгэл үүсгэхээс сэргийлэх үүрэгтэй бөгөөд зөрчсөн тохиолдолд 50 сая австрали доллар (ойролцоогоор 32 сая ам.доллар)-ын торгууль ногдуулах аж. 

“Засгийн газар олон нийтэд ил тод амласан байр сууриа өөрчиллөө. Тус платформыг боловсролын хэрэгсэл гэж үзэх ёстой байсан хэмээн YouTube-ийн төлөөлөгч уг шийдвэртэй холбоотой мэдэгдэлдээ онцоллоо.

Тус улсын Засгийн газрын мэдээлснээр, YouTube-ийг хоригт хамруулах шийдвэрт Австралийн цахим аюулгүй байдлын комиссын судалгаа нөлөөлжээ. Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 37 хувь нь тус платформ дээр жендерийн ялгаварлал, үзэн ядалт, аюултай сорилт, зодооны бичлэг, эрүүл бус хооллолт, өдөөн хатгалт зэрэг хортой агуулгатай тулгарч байсан байна. 

Харин шүүмжлэгчид уг хууль нь хүүхдүүдийн нийгмийн дэмжлэг авах боломжийг хязгаарлах эрсдэлтэй, ялангуяа тусгаарлагдсан болон эмзэг бүлгийн хүүхдүүдэд сөрөг нөлөө үзүүлнэ хэмээн анхааруулаад буй.   

mobile-logo