bnr-0
“Amazon дайсагнасан үйлдэл хийлээ” гэж Цагаан ордноор цоллуулсаны дараа компани буулт хийв
04 сарын 30, 2025
ХУВААЛЦАХ
  • Ерөнхийлөгч Дональд Трамп “Amazon”-ийн төлөвлөгөөнд бухимдаж Жефф Безостой биечлэн утсаар ярьжээ.
  • Цагаан ордны төлөөлөгч уг санааг улс төрийн “дайсагнасан үйлдэл” хэмээн буруутгав.
  • “Amazon” төлөвлөгөөг “батлагдаагүй, хэрэгжихгүй” гэж албан ёсоор мэдэгдлээ.
“Жефф Безос Трампыг дэмжсээр байгаа юу?” гэсэн сэтгүүлчийн тавьсан асуултад Левитт тодорхой хариу өгөхөөс зайлсхийжээ.

Онлайн худалдааны аварга “Amazon” компани АНУ-ын тарифын нэмэгдэл өртгийг бүтээгдэхүүний үнийн дэргэд харуулж эхлэх төлөвлөгөөгөө гэнэт цуцалсан нь улс төрийн хурц шүүмжлэл болон Ерөнхийлөгч Дональд Трампын шахалттай давхцалаа.

Мягмар гарагийн өглөө Ерөнхийлөгч Трамп тус компанийн үүсгэн байгуулагч Жефф Безостой утсаар шууд холбогдож уг мэдээлэлд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн талаар NBC News эх сурвалжаар дамжуулан мэдээлэв. Энэхүү ярианы дараа “Amazon” олон нийтийн шүүмжлэлийн эрчийг багасгахыг зорьж өөрсдийн төлөвлөгөөний талаар тайлбар хийсэн ч удалгүй бүрмөсөн зогсоох шийдвэр гаргаснаа зарласан байна.

Төсөөлсөн өөрчлөлтийн тухай анхны мэдээллийг Punchbowl News нийтэлж “Amazon” платформ дээр бүтээгдэхүүний нийт үнийн хажууд “тарифын нэмэлт зардал” буюу импортын татварыг ил тод харуулна гэж мэдээлсэн нь энэ бүх үйл явдлын эхлэл болжээ.

Тус мэдээллийн хариуд Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Каролин Левитт мэдэгдэл хийхдээ “Amazon”-ийн уг алхамыг “улс төржсөн, илт дайсагнасан үйлдэл” гэж тодорхойлсон байна. Тэрбээр мөн “Инфляц Байдены үед 40 жилийн дээд түвшинд хүрч байхад “Amazon” яагаад таг байсан юм бэ?” гэж сэтгүүлчдэд асуулт тавьсан юм.

“Amazon” эхлээд уг санаачилгыг зөвхөн “Amazon Haul” гэх тусгай хямдралын хэсэгт судалж байсан гэдгээ тайлбарласан. Гэвч дараагийн мэдэгдэлд төлөвлөгөө нь “хэзээ ч батлагдаагүй” бөгөөд “ямар нэг хэлбэрээр хэрэгжихгүй” гэдгийг онцлон мэдэгдсэн юм. Мэдээллийн дараа “Amazon”-ийн хувьцаа арилжааны өмнө 2 хувиар буурсан ч тухайн өдрийн турш эргэн сэргэсэн байна.

Сэтгүүлчид Punchbowl-ийн мэдээллийг иш татан “Тарифын өртгийг хэрэглэгчдэд ингэж харуулах нь тарифын үр дагаврыг Хятад биш харин Америкийн иргэд үүрч байгааг тод харуулж байгаа хэрэг үү?” хэмээн асуухад Левитт “Ерөнхийлөгчтэй Amazon-ийн талаар ярилцсаны дараа энд ирээд сууж байна” гэж хариулжээ.

Мөн тэрбээр “Amazon”-ийг Хятадын Засгийн газрын хүсэлтээр контентийн цензур хийсэн хэмээн буруутгасан бөгөөд 2021 оны арванхоёрдугаар сард Reuters-ийн нийтэлсэн мэдээллийг иш татан Бээжингээс тавьсан шаардлагын дагуу Ши Жиньпиний тухай номын үнэлгээ болон сэтгэгдлийг устгасан талаар мэдээллийн хэвлэж гаргасан хувийг сэтгүүлчдэд үзүүлжээ.

“Amazon” нь тарифын өөрчлөлтийг хэрэглэгчдэд ил тод харуулахыг зорьж байсан анхны компани биш юм. Хятадын “Shein”, “Temu” зэрэг худалдааны платформ ч импортын нэмэлт зардлыг өндөр дүнгээр харуулж эхэлсэн. Тухайлбал “Temu” платформ захиалгын төлбөрийн хуудсандаа 145 хувийн тарифын нэмэгдлийг тусгаж буйгаа мэдэгджээ.

“Amazon”-ийн бүтээгдэхүүний 70 хүртэлх хувь нь Хятадаас хангагддаг бөгөөд “Wedbush Securities”-ийн тооцоолсноор Трампын хэрэгжүүлэхээр төлөвлөсөн 145 хувийн тариф нь тус компанийн бизнесийн загварт ноцтой дарамт үзүүлэх магадлалтай байна. Иймээс “Amazon” дотоодын борлуулагчдаасаа үнэ нэмэгдүүлж буй эсэх болон тарифын нөлөөг судалж эхэлжээ.

“Жефф Безос Трампыг дэмжсээр байгаа юу?” гэсэн сэтгүүлчийн тавьсан асуултад Левитт тодорхой хариу өгөхөөс зайлсхийсэн ч “Amazon”-ийн төлөвлөгөөг “улс төрийн өнгө аястай, дайсагнасан” үйлдэл байсан гэж дахин онцолсон юм.   

mobile-logo