- Үндэсний их баяр наадмын өдрүүдэд буюу долдугаар сарын 10-14-ний хооронд ихэнх нутгаар бороотой, сэрүүхэн, салхитай байх төлөвтэй байна.
- Долдугаар сарын 9-ний өдрийн байдлаар Эг, Онон, Балж, голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5–30 см-ээр нэмэгдсэн байна.
- Улаанбаатар хот орчмоор долдугаар сарын 9-13-ны өдрүүдэд аадар бороо болон бага зэргийн бороо орох төлөвтэй байна.

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд буюу долдугаар сарын 10-14-ний хооронд ихэнх нутгаар бороотой, сэрүүхэн, салхитай байх төлөвтэй байна. Иргэд аялал, зугаалга, баярын үйл ажиллагаанд оролцохдоо цаг агаарын нөхцөл байдлыг анхаарч, хувцас хэрэглэлээ тохируулан бэлдэхийг холбогдох албаныхан анхааруулж байна.
Долдугаар сарын 9-ний өдрийн байдлаар Эг, Онон, Балж, голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5–30 см-ээр нэмэгдсэн байна. Үерийн аюул ихсэж байгаатай холбоотойгоор гол мөрөн, нуурын эрэг орчимд отоглох, хоноглохоос зайлсхийж, зөвхөн зөвшөөрөгдсөн зам, гүүрийг ашиглахыг холбогдох байгууллагаас зөвлөж байна.
Долдугаар сарын 10-нд нутгийн хойд хэсгээр, 11-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд баруун аймгуудын ихэнх нутгаар, 13-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын баруун хойд хэсэг болон говийн нутгийн зарим газраар дуу цахилгаантай, аадар бороо орох төлөвтэй байна. Борооны өмнө салхи түр зуур ширүүсэж, цаг агаар гэнэт өөрчлөгдөх эрсдэлтэй.
Улаанбаатар хот орчмоор долдугаар сарын 9-13-ны өдрүүдэд аадар бороо болон бага зэргийн бороо орох төлөвтэй байна. Энэ сарын 9, 10-ны өдрүүдэд нийслэлд агаарын хэм бага зэрэг сэрүүсэж, шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +21...+26 градус, бусад хугацаанд шөнөдөө +12...+17 градус, өдөртөө +26...+31 градус дулаан байхыг мэргэжлийн байгууллагаас мэдээлжээ.
Иймд иргэд хувийн болон гэр бүлийн аюулгүй байдлаа хангаж, цаг агаарын мэдээ мэдээллийг тогтмол авч, байгалийн аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлнэ үү.