- Энэ шинэ зам нь Яармагийн шинэ гүүрнээс урагш Богд уулын араар хурдны замтай холбогдоно.
- “Яармагийн шинэ зам”-ыг барихдаа замын хөдөлгөөнд оролцож байгаа бүх хүний аюулгүй байдлыг хангаж, орчны төлөвлөлтийг цогц байдлаар хамтад нь шийднэ.

Яармагийн шинэ гүүрнээс урагш Богд уулын араар хурдны замтай холбогдох 8.3 км авто замыг шинээр барих бөгөөд 2025 онд бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх юм. Энэ төслийг НЗДТГ болон Дэлхийн банк хамтран "Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр" төслийн хүрээнд хэрэгжүүлж буй.
Энэ шинэ зам нь Яармагийн шинэ гүүрнээс урагш Богд уулын араар хурдны замтай холбогдоно. Одоо замын ажлын зураг төслийг боловсруулж байна. Зургийн ажил энэ ондоо багтаж дуусаад, 2025 онд авто замын ажлыг эхлүүлэх аж. 2026 онд барьж дуусахаар төлөвлөжээ. Шинэ авто зам иргэдэд тав тухтай, аюулгүй байхаас гадна хүрээлэн буй орчин, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй. Улаанбаатар хотын замын сүлжээг өргөтгөх, Яармаг орчмын автозамын хэт ачааллыг бууруулахад өндөр үр дүнтэй бүтээн байгуулалт болно юм.
“Яармагийн шинэ зам”-ын онцлог нь замын хөдөлгөөнд оролцож байгаа бүх төрлийн оролцогчийн аюулгүй байдлыг хангасан цогц гудамж, замын жишиг байдлаар баригдана. Өөрөөр хэлбэл, замын ердийн шинэчлэлээс илүү нийтийн тээвэр, явган зам, унадаг дугуйн зам, ногоон байгууламжийг авто замтай нь иж бүрэн шинэчлэхээр төлөвлөжээ.