- Нас гүйцсэн эр хонины үнэ Дорноговь, Өмнөговь аймагт 340.0 мянган төгрөгт хүрсэн бол Дорнод аймагт 210.0 мянган төгрөг байна.
- Цагаан ноолуурын үнэ 1 кг тутамд 109.0 мянган төгрөг болж, өмнөх оноос 7.0 мянган төгрөгөөр буурсан байна.
- Нас гүйцсэн дундаж малын үнэ ийн өсөж буй нь цаашид дундаас доогуур орлоготой иргэдийн худалдан авах чадварт сөргөөр нөлөөлж болзошгүй байна.

Нас гүйцсэн эр хонины үнэ өнгөрсөн долдугаар сарын байдлаар Дорноговь, Өмнөговь аймагт хамгийн өндөр буюу 340.0 мянган төгрөг хүрсэн бол Дорнод аймагт хамгийн бага буюу 210.0 мянган төгрөгийн үнэтэй байна.
Тэгвэл нас гүйцсэн атны үнэ 1.5 сая төгрөг болж, өнгөрсөн онтой харьцуулахад 165.6 мянган төгрөгөөр өссөн байна. Мөн соёолон үрээний үнэ 1.2 сая төгрөг болж, 37.0 мянган төгрөгөөр нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хорооны тайланд дурджээ.
Хязаалан гунан үхрийн үнэ 1.6 сая төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 88.3 мянган төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байгаа юм. Эр хонины үнэ 290.0 мянган төгрөгт хүрч, 34.6 мянган төгрөгөөр өссөн нь малын зах зээлд эрэлт нэмэгдэж буйг илтгэнэ. Малын бусад төрлөөр, эр ямааны үнэ 180.0 мянган төгрөг болж, 17.6 мянган төгрөгөөр өссөн байна.
Мөн мал аж ахуйн бүтээгдэхүүний зах зээлийн хувьд, үхрийн 2 метрээс дээш урттай шир 6.3 мянган төгрөг болж өссөн бол цагаан ноолуурын үнэ 1 кг тутамд 109.0 мянган төгрөгт хүрч, өмнөх оныхоос 7.0 мянган төгрөгөөр буурсан байна.
Түүнчлэн цагаан ноолуурын дундаж үнэ аймгуудад ялгаатай байгаа бөгөөд Завхан аймаг болон Улаанбаатар хотод хамгийн өндөр буюу 120.0 мянган төгрөгт хүрсэн бол Булган, Орхон, Дундговь аймгуудад хамгийн бага буюу 100.0 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна.
Нас гүйцсэн дундаж малын үнэ ийн өсөж буй нь цаашид малчдын орлогыг нэмэгдүүлж, мал аж ахуйн салбарт эергээр нөлөөлөх ч дундаас доогуур орлоготой иргэдийн худалдан авах чадварт сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байна.