bnr-0
АНУ-ын эдийн засаг агшиж, инфляцын дарамт нэмэгдэв
05 сарын 01, 2025
ХУВААЛЦАХ
  • АНУ-ын эдийн засаг 2025 оны I улиралд 0.3% агшсан нь 2022 оноос хойш анхны буурсан үзүүлэлт болов.
  • Импорт 41.3% өсөж, эдийн засгийн голлох хүчин зүйл болсныг тайланд онцлов.
  • Тарифын тодорхойгүй байдал, инфляцын өсөлт нь Холбооны Нөөцийн банкны шийдвэрийг улам төвөгтэй болгож байна.
АНУ-ын эдийн засаг 2025 оны эхний улиралд 0.3 хувиар агшлаа.

АНУ-ын эдийн засаг 2025 оны эхний улиралд 0.3 хувиар агшсан тухай тус улсын Худалдааны яамнаас мэдээллээ. Энэ нь Ерөнхийлөгч Дональд Трамп хоёр дахь бүрэн эрхийнхээ хугацаанд импортын татварын бодлогоо хэрэгжүүлж эхэлсний дараах анхны улиралд тохиож буй уналт юм. Шинжээчдийн тайлбарласнаар компаниуд болон хэрэглэгчид шинэ татвар хүчин төгөлдөр хэрэгжихээс өмнө их хэмжээгээр бараа импортолсны улмаас эдийн засгийн дотоод тэнцвэрт байдал алдагджээ.

Тайлангийн улиралд импорт 41.3 хувь буюу огцом өссөн нь бараа бүтээгдэхүүний 50.9 хувийн өсөлтөөр голлон хөтлөгдсөн байна. Импорт нь ДНБ-ээс хасагддаг тул энэхүү огцом өсөлтөөс шалтгаалсан эдийн засгийн агшилтыг түр зуурынх гэж үзэх боломжтой. Учир нь энэ хандлага дараагийн улирлуудад эргэн сэргэх төлөвтэй юм. Импортын өсөлт ДНБ-ий ерөнхий үзүүлэлтээс 5 гаруй нэгж хувийг хассан бол экспорт 1.8 хувиар нэмэгджээ.

Хувийн хэрэглээний зардал 1.8 хувиар өссөн нь 2023 оноос хойших хамгийн сул дүн бөгөөд дотоодын хэрэглээ эдийн засгийн гол хөдөлгүүр гэдгийг харгалзан үзвэл энэ нь бас нэгэн дохио болж байна. Харин хувийн хөрөнгө оруулалт 21.9 хувиар огцом нэмэгдсэн нь тарифын өмнөх сэтгэлзүйтэй холбоотой гэж ажиглагчид үзэж байна.

Холбооны Засгийн газрын зардал 5.1 хувиар буурсан нь эдийн засгийн агшилтанд бас нэг шалтгаан боллоо. Энэ бүхэн Трампын худалдааны бодлогын тодорхойгүй үр нөлөөтэй бөгөөд бизнес эрхлэгчдэд эрсдэл дагуулж буйг илтгэж байгаа юм.

Трамп дөрөвдүгээр сарын эхээр худалдааны бүх түнш орнууддаа 10 хувийн импортын татвар ногдуулсан ч ес хоногийн дараа 90 хоногийн хэлэлцээрийн хугацааг дуустал түдгэлзүүлжээ. Одоогоор тодорхой үр дүн гараагүй байгаа ч Цагаан ордны эх сурвалжууд хэлэлцээр найдвар төрүүлж буйг хэлж байна.

Эдийн засагч Роберт Фрик “импортын гэнэтийн өсөлтөөс шалтгаалсан энэхүү агшилт бол түр зуурынх байж мэднэ, гэхдээ хэрэглээ сул байгаа  гэдэг нь урт хугацааны аюул" гэв.

Эдийн засгийн энэхүү тайлан нийтлэгдсэний дараа хөрөнгийн зах зээлд дарамт үүсч фьючерс ханш унаж, Засгийн газрын бондын өгөөж өссөн байна. Ерөнхийлөгч Трамп уг мэдээнд хариу өгөхдөө “энэ бол Байдены зах зээл” гээд эдийн засгийн тэсрэлт тун удахгүй ирнэ гэж онцолжээ.

Үүнээс гадна инфляцын өсөлт Холбооны Нөөцийн банкны дараагийн шийдвэрийг төвөгтэй болгож байна. PCE буюу хувийн хэрэглээний зарлагын үнийн индекс 3.6 хувь өссөн нь инфляцийн дарамтыг нэмэгдүүлж байгаа юм. Энэхүү индекс нь өрхийн болон өрхийн өмнөөс хийсэн бүх худалдан авалтыг хамруулж инфляцийн түвшинг хэмждэг бөгөөд хэрэглээний үнийн индекс буюу CPI үзүүлэлтийг бодвол илүү нарийвчлалтай гардаг юм. АНУ-ын Холбооны Нөөцийн банк энэхүү индексийг инфляцийн албан ёсны зорилтыг тодорхойлоход ашигладаг юм.

Ажиллах хүчний зардлын индекс буюу ECI мөн 0.9 хувь нэмэгдэж зах зээлд цалингийн дарамт үргэлжилж буйг харуулж байна. Энэхүү индекс нь цалин хөлс, урамшуулал, ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл зэрэг нийт хөдөлмөрийн зардлын өөрчлөлтийг хэмждэг бөгөөд АНУ-д энэ үзүүлэлт нь хөдөлмөрийн зах зээлийн халалт болон инфляцын дарамтыг үнэлэхэд чухал хэмжүүр болдог юм. Энэ бүх үзүүлэлт нь эдийн засгийн хоёрдмол чиг хандлагыг тодотгож Холбооны Нөөцийн банкны ирэх долоо хоногийн хурлын шийдвэрийг улам сорьж байна.

Баасан гарагт гарах хөдөлмөрийн зах зээлийн тайлан зах зээлд чухал чиг баримжаа өгөхөөр байна. ADP-гийн мэдээлснээр дөрөвдүгээр сард ердөө 62,000 ажлын байр шинээр нэмэгдсэн нь шинжээчдийн хүлээлтээс хавьгүй доогуур үзүүлэлт болжээ.

mobile-logo