- “Facebook”, “Instagram” зэрэг платформыг удирддаг “Meta” компани АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трампын тангараг өргөх ёслолын санд 1 сая ам.долларын хандив өргөжээ.
- Түүнчлэн “Amazon” компани тангараг өргөх ёслолын санд 1 сая ам.долларын бэлэн мөнгө хандивлахаас гадна “Amazon Video” платформоор ёслолын үйл ажиллагааг шууд дамжуулах 1 сая ам.долларын үнэлгээ бүхий үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөж байгаа тухай мэдээлэл цацагдаад буй.
- Дональд Трамп Илон Маск зэрэг нөлөө бүхий эрхэмтэй ойр дотно харилцаатай болж, хамтран ажиллах болсноор Маск Трампын “Тэргүүн Найз" хэмээх хочийг хүртэл аваад буй.
“Facebook”, “Instagram” зэрэг платформыг удирддаг “Meta” компани АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трампын тангараг өргөх ёслолын санд 1 сая ам.долларын хандив өргөжээ. Тус сан нь эрх мэдлийг шинэ засаг захиргаанд шилжүүлэхтэй холбоотой арга хэмжээнүүдийг дэмжих зорилготой юм. Энэхүү хандив нь Трамп болон “Meta” компанийн хоорондын харилцаанд томоохон эргэлт авчирсан үйл явдал болж байна.
Учир нь 2017 онд Ерөнхийлөгч Трамп “Facebook”-ийг “Трампын эсрэг” хэмээн нэрлэж, “Meta” компанийн гүйцэтгэх захирал Марк Закербергийг ил тод шүүмжилж байв. Мөн 2021 оны нэгдүгээр сарын 6-нд болсон Капитолын үймээний дараа “Meta” компани Трампын бүх хаягийг хааж, хоёр талын хоорондын харилцаа илүү хүйтэн хөндий болсон билээ.
Тэгвэл сүүлийн үед эвлэрлийн шинж тэмдгүүд ажиглагдаж эхэлжээ. Өнгөрсөн арваннэгдүгээр сард Закерберг Трамптай Мара-Лагод хувьчилж уулзалт хийсний дараа тус хандивыг өргөсөн байна. Хэдий тийм ч Трампын зүгээс түүнийг шүүмжилсэн байр суурь хэвээр байгаа бөгөөд тэрбээр “Сонгуульд хөндлөнгөөс оролцсон тохиолдолд хатуу хариуцлага хүлээлгэнэ” хэмээн мэдэгдэж байсан нь хэвээр хадгалагдсаар байна.
Түүнчлэн “Amazon” компани тангараг өргөх ёслолын санд 1 сая ам.долларын бэлэн мөнгө хандивлахаас гадна “Amazon Video” платформоор ёслолын үйл ажиллагааг шууд дамжуулах 1 сая ам.долларын үнэлгээ бүхий үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөж байгаа тухай мэдээлэл цацагджээ. Гэхдээ энэ мэдээ албан ёсоор батлагдаагүй байгаа бөгөөд “Amazon” компанийн үүсгэн байгуулагч Жефф Безос Трамптай харилцаагаа сайжруулах алхам хийж байж болзошгүй юм. Өмнө нь Трамп Безосыг “Washington Post” сониныг эзэмшдэг хэмээн шүүмжилж, “Amazon”-ыг татварын тухай хууль зөрчсөн хэмээн буруутгаж байсан билээ. Гэвч сүүлийн үед тэдний харилцаа илүү зөөлөн, нааштай өнгө аястай болж эхэлснийг зарим үйл явдал харуулж байна.
Сүүлийн үед Дональд Трамп технологийн салбарын манлайлагчдад илүү ээлтэй хандах болж, тэдний хүчин чармайлтыг үнэлж байгаагаа илэрхийлж эхэлжээ. Тэрбээр Илон Маск зэрэг нөлөө бүхий эрхэмтэй ойр дотно харилцаатай болж, хамтран ажиллах болсноор Маск Трампын “Тэргүүн Найз" хэмээх хочийг хүртэл аваад буй.
“Meta” болон “Amazon”-ийн хандивын үйлдэл нь Трамптай харилцаагаа сайжруулахыг зорьж буй шинж тэмдэг мэт харагдаж байгаа ч өмнөх зөрчилдөөнтэй түүх нь шинэ засаг захиргаатай харилцах харилцааг илүү нарийн төвөгтэй болгож байна.