bnr-0
CNBC ТАЙЛБАР: Худалдааны дайны үүсэл шалтгааныг та мэдэх үү
05 сарын 01, 2025
ХУВААЛЦАХ
  • АНУ болон Хятадын худалдааны дайн зөвхөн 2018 онд Ерөнхийлөгч Трампын эхний бүрэн эрхийн үед эхэлсэн тарифын зөрчил биш юм.
  • Олон арван жилийн турш хуримтлагдсан эдийн засаг, технологи, ноёрхлын төлөөх өрсөлдөөн 2018 онд Трампын засаг захиргааны үед тарифын бодлогоор анх ил гарав.
  • Дэлхийн худалдаа нэг төвтэй либерал тогтолцооноос бүс нутгийн шинжтэй олон туйлт бүтэц рүү алгуур шилжиж эхлээд байна.
АНУ болон Хятадын худалдааны дайн зөвхөн 2018 онд Ерөнхийлөгч Трампын эхний бүрэн эрхийн үед эхэлсэн тарифын зөрчил биш юм.

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд 24 цагийн туршид анхааралтай ажиглан мэдээлж буй сэдэв бол яахын аргагүй худалдааны дайн болоод байна. Дэлхий дахины анхаарлын төвд буй сэдвийг сайн мэдэх нь танд бусдаас давуу тал олгодог. Тэгвэл энэ сэдэв хаанаас эхлэлтэй юм бэ. Хаашаа чиглэж байгаа болон олон улсад гарах нөлөөг сэдэвчлэн CNBC Тайлбар хөндөж байна.

ӨЧИГДӨР: ГОЛ ШАЛТГААН

АНУ болон Хятадын худалдааны дайн зөвхөн 2018 онд Ерөнхийлөгч Трампын эхний бүрэн эрхийн үед эхэлсэн тарифын зөрчил биш юм. Үүний гүн суурь нь Дэлхийн хоёрдугаар дайны дараах дэлхийн эдийн засгийн шинэ дэг журам, түүнтэй уялдсан түүхэн өөрчлөлтүүдтэй салшгүй холбоотой гэж үздэг. Энэхүү зөрчлийг бүрэн ойлгохын тулд АНУ, Хятадын харилцааны өрнөлийг товчхон харах шаардлагатай юм.

1945 оноос хойш дэлхий нийтээрээ Америкийн төвтэй либерал эдийн засгийн дэг журамд шилжсэн. Хоёрдугаар дайны ялагчийн нэг болсон АНУ-д энэ нь валютын давамгай байр суурь олгов. АНУ-ын доллар нь дэлхийн гол нөөц валют болон тогтож дэлхийн худалдаа, санхүүгийн урсгалын үндсэн хэрэглээ болсон юм. Долларын эрэлт тогтмол өндөр, инфляц харьцангуй тогтвортой байснаар ханш нь ихэнхдээ бусад валютаас өндөр байдаг. Энэ нь нэг талаар Америк эдийн засгийн итгэлцлийг бэхжүүлдэг ч нөгөө талаар АНУ-ын бараа бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээл дээр өндөр үнэтэй болгодог байна. Үүний улмаас Америкийн экспортын өрсөлдөх чадвар буурч, компаниуд өртөг багатай орнуудад үйлдвэрлэлээ шилжүүлэх буюу ашгийн төлөө "аутсорсинг" хийх хандлага хүчтэй өрнөжээ.

Энэ шилжилтийн гол чиглэл нь Хятад байлаа. 1972 онд АНУ-ын Ерөнхийлөгч Ричард Никсон БНХАУ-д түүхэн айлчлал хийж, хоёр улсын дипломат харилцаа сэргэсэн нь эдийн засгийн харилцааны эхлэл тавьсан том үйл явдал болов. Улмаар 1980-аад оноос АНУ Хятадыг хөрөнгө оруулалт хийж үйлдвэрлэлээ явуулах хямд төв хэмээн харж, олон улсын корпорацууд тус улсад эрчимтэй хөрөнгө оруулж эхэлжээ. 2001 онд Хятад улс Дэлхийн худалдааны байгууллагад элссэнээр тус улсын олон улсын худалдааны оролцоо огцом тэлэхээс гадна АНУ-тай хийх хоёр талын худалдаа эрс өсчээ.

Энэхүү хамаарал нь нэг талаар дэлхийн эдийн засгийн өсөлтийг дэмжсэн. Гэхдээ нөгөө талаар АНУ-ын дотоодод ажлын байр алдагдах, үйлдвэрлэл хумигдах, Хятадын эдийн засаг хэт хурдацтай өсөх эрсдэл бий болгов. Цаашлаад Хятад улс технологийн салбараа эрчимтэй хөгжүүлэх “Made in China 2025” зэрэг өндөр технологийн салбарт тэргүүлэгч болох стратегийн зорилт тавьсан нь АНУ-ын зүгээс эсэргүүцэх хандлагыг өдөөжээ.

АНУ энэ бүхнийг зөвхөн эдийн засгийн бус, геополитик болон үндэсний аюулгүй байдлын хүрээнд хүлээн авч эхэлсэн бөгөөд Хятадын “Бүс ба Зам” бүтээн байгуулалтын санаачилга зэрэг нь тус улсыг олон улсад нөлөөллөө тэлэх стратегийн эрсдэл гэж үзэх болов. Ийнхүү олон арван жилийн турш хуримтлагдсан эдийн засаг, технологи, ноёрхлын төлөөх өрсөлдөөн 2018 онд Трампын засаг захиргааны үед тарифын бодлогоор ил гарснаар өнөөгийн “худалдааны дайн” хэмээх сөргөлдөөний эхлэл тавигдсан түүхтэй.

ӨНӨӨДӨР: ГОЛ ӨРНӨЛ

Дэлхийн түүхэнд олон улсын худалдаа нь зөвхөн эдийн засгийн өсөлт бус, гео-стратегийн хөдөлгөгч хүчин байсаар ирсэн. XV зуунд Португалийн далай тэнгис дэх тэлэлт дэлхийн худалдааны маршрутыг өөрчилж, тухайн үеийн хүчний тэнцвэрийг эрс өөрчилсөн шиг өнөөдөр ч дэлхийн геополитикийн үндсэн тогтолцоог худалдаа дахин зурж эхэллээ.

Сүүлийн жилүүдэд үүссэн олон шинэ сорилт, тухайлбал Дэлхийн Худалдааны Байгууллагын үйл ажиллагаа саармагжсан, улс орнуудын эдийн засгийн үндсэрхэг бодлого өссөн болон нийлүүлэлтийн сүлжээ эмзэг болсон зэрэг нь дэлхийн чөлөөт худалдааны тогтолцоог сууриар нь ганхуулж байна.

Дэлхийн Худалдааны Байгууллага олон улсын худалдааны маргааныг үр дүнтэй шийдвэрлэх чадваргүй, Хятадын өсөлтийг хязгаарлаж чадахгүй байгааг АНУ-ын зүгээс хүчтэй шүүмжлэх болсон. Үүний үр дүнд Вашингтон улам бүр үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, стратегийн нийлүүлэлтийн найдвартай сүлжээ байгуулах бодлогыг түлхүү баримталж буй. Холбоотнууддаа ч мөн тодорхой шахалтуудыг үзүүлж эхэлсэн.

Хятадын өсөлт ийнхүү барууны орнуудад стратегийн шинэ сорилт болж АНУ-ын зүгээс нийлүүлэлтийн сүлжээгээ Бээжингээс салгах, өөр найдвартай түнш орнуудад түшиглэх стратеги руу эргэлт хийж байна. Гэхдээ хамаарал хэт өндөр буй нь гол хүндрэл учруулахаар байгаа юм.

Эдийн засгийн өрсөлдөөн цэвэр худалдааны хэмжээгээр тогтолгүй, стратегийн нөөц материал, технологийн ноёрхол руу шилжиж эхлээд байна. Хагас дамжуулагч, газрын ховор элемент зэрэг салбарт Хятадын давамгайлал Барууны орнуудын хувьд аюулгүй байдлын эрсдэл бий болгож, нийлүүлэлтийн сүлжээгээ эргэн харахад хүргэж байна.

Худалдааны өрсөлдөөн зөвхөн нэг газраас нөгөөд үйлдвэрээ шилжүүлэх буюу үйлдвэрлэлийн газарзүйн өөрчлөлтөөр хязгаарлагдахгүй байгаа юм. Худалдааны дүрэм, стандарт, дижитал худалдаа, валютын системд ч гүнзгий хуваагдал үүсч эхлээд байна. Цахим худалдаа, хиймэл оюунд суурилсан платформууд эдийн засгийн цоо шинэ дэд бүтэц болж, их өгөгдлийн хамгаалалт, кибер аюулгүй байдал гадаад худалдааны бодлогын салшгүй хэсэг болж эхэллээ.

МАРГААШ: ИРЭЭДҮЙН ЧИГЛЭЛ

Судлаачдын үзэж буйгаас харахад ирэх таван жилд дэлхийн худалдааны ерөнхий тренд дараах таван үндсэн чиглэлд тодорхойлогдох төлөвтэй байна.

Нэгдүгээрт, нийлүүлэлтийн сүлжээнд стратегийн дахин байршуулалт явагдахаар байнаЭнэ нь Хятадын хэт хамаарлаас ангижрах зорилготой буюу "найдвартай орнууд руу шилжих" хөдөлгөөн болж эрчимжинэ. Мексик, Вьетнам, Энэтхэг зэрэг орнууд шинэ үйлдвэрлэлийн төв болон гарч ирэх магадлал өндөр байна.

Хоёрдугаарт, стратегийн түүхий эдийн төлөөх өрсөлдөөн ширүүсэхээр байна. Газрын ховор элемент, зай хураагуурын түүхий эд зэрэг нь эдийн засгийн гэхээсээ илүүтэй үндэсний аюулгүй байдлын нэн чухал нөөцөд тооцогдох болж барууны орнууд олборлолт, боловсруулалтын сүлжээгээ өргөжүүлэхэд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх хандлагатай байна.

Гуравдугаарт, дижитал худалдаа ба их өгөгдлийн аюулгүй байдлын сөргөлдөөн эрчимжих магадлалтай. Европын Холбооны авч хэрэгжүүлж буйтай ижил төстэй зохицуулалтууд буюу өгөгдлийн урсгал, дижитал төлбөрийн системд улс төрийн хяналт Ази болон Хойд Америкийн орнуудад нэмэгдэх төлөвтэй байна.

Дөрөвдүгээрт, олон улсын валютын тогтолцоонд шинэчлэл хийх шахалт нэмэгдсээр байна. БРИКС болон бусад бүс нутгийн эвслүүд үндэсний валют ашиглалтаа нэмэгдүүлэх замаар ам.долларын давамгайллаас ангижрахыг эрмэлзэж байгаа ч богино хугацаанд америк долларыг орлох бодитой сорилт үүсэхгүй байх нь. Харин юань, евро гэх мэт бүс нутгийн валютын нөлөө аажмаар өсөх магадлалтай болжээ.

Тавдугаарт, төрийн оролцоотой эдийн засгийн загвар хүчээ авна. Эрчим хүч, батлан хамгаалах, өндөр технологи гээд стратегийн салбаруудад төрийн бодлого, санхүүжилт улам чухал үүрэг гүйцэтгэж төрийн оролцоотой капитализм дэлхийн эдийн засагт гүнзгий шингэх хандлагатай байна.

Эндээс дүгнэн харахад дэлхийн худалдаа нэг төвтэй либерал тогтолцооноос бүс нутгийн шинжтэй олон туйлт бүтэц рүү алгуур шилжиж эхлээд байна. Бүс нутгийн худалдааны гэрээнүүд чухал үүрэгтэй болж, дэлхий нийтийн чөлөөт худалдааны тогтолцоо болон нөлөө суларч магадгүй болжээ.

Ихэнх судлаачийн өгүүлж буйгаар 2025-2030 оны хооронд дэлхийн худалдаа цэвэр эдийн засгийн өсөлт биш, харин геополитик, стратегийн өрсөлдөөний гол талбар болон хувирахаар байнаЧухам аль улс энэхүү шилжилтийг зөв анзаарч, удирдан чиглүүлнэ, тэр орон л ирээдүйн эдийн засаг, стратегийн давуу байдалд бодит байр суурь эзэгнэхээр болжээ. Тэгэхээр энэ сэдэв Монгол Улсад, монголчуудад улам бүр хамаатай болж эхэлж байна.   

 

mobile-logo