bnr-0
“Meta” Хятадын онлайн худалдааны компаниуд зар сурталчилгааныхаа зардлыг танаж байгаа тухай мэдэгдлээ
05 сарын 01, 2025
ХУВААЛЦАХ
  • “Meta” компани Хятадын онлайн худалдааны “Temu”, “Shein” зэрэг платформ “Facebook” болон “Instagram”-д тавьдаг зар сурталчилгааныхаа хэмжээг эрс бууруулсан талаар мэдээллээ.
  • Ирэх онд “Meta” нийт хөрөнгө оруулалтын зардлаа өмнөх төсөөллөөс өсгөж, 64–72 тэрбум ам.долларт хүргэхээр төлөвлөсөн байна.
  • “Meta”-ийн VR болон AR төхөөрөмж хөгжүүлдэг “Reality Labs” салбар өнгөрсөн улиралд 4.2 тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ.
2025 оны нэгдүгээр улиралд “Meta”-ийн Ази, Номхон далайн бүсийн зар сурталчилгааны орлого 8.22 тэрбум ам.доллар болж, таамаглалд хүрсэнгүй.

“Meta” компани Хятадын онлайн худалдааны “Temu”, “Shein” зэрэг платформ “Facebook” болон “Instagram”-д тавьдаг зар сурталчилгааныхаа хэмжээг эрс бууруулсан талаар мэдээллээ. Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгч Трампын хатуу худалдааны бодлого болон “de minimis” гэх татварын хөнгөлөлт энэ долоо хоногийн сүүлчээр дуусах гэж буйтай холбоотой гэж компанийн санхүүгийн захирал Сьюзан Ли тайлбарласан байна.

Тус хөнгөлөлтийн хүрээнд Хятадын компаниуд АНУ руу бараа экспортлохдоо өндөр татвар төлөхгүйгээр давуу байдал эдэлдэг байсан. Харин энэ хөнгөлөлт цуцлагдаж буй тул эдгээр компани зар сурталчилгааны төсвөө дөрөвдүгээр сард өмнөх түвшнээс бууруулаад байгаа аж.

2025 оны нэгдүгээр улиралд “Meta”-ийн Ази, Номхон далайн бүсийн зар сурталчилгааны орлого 8.22 тэрбум ам.доллар болж, шинжээчдийн таамагласан 8.42 тэрбум ам.доллароос доогуур гарсан байна.

Мөн Хятадын бараанд ногдуулсан 145 хувийн тариф “Meta”-ийн VR болон AR төхөөрөмж хөгжүүлдэг “Reality Labs” салбарт сөргөөр нөлөөлж, өнгөрсөн улиралд 4.2 тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ.

Ирэх онд “Meta” нийт хөрөнгө оруулалтын зардлаа өмнөх төсөөллөөс өсгөж, 64–72 тэрбум ам.долларт хүргэхээр төлөвлөсөн байна. Зардал өсөхөд хиймэл оюуны хөгжлийг дэмжих дата төвүүд болон тоног төхөөрөмжид хийж буй нэмэлт хөрөнгө оруулалт голлон нөлөөлжээ. Компанийн зүгээс нийлүүлэлтийн сүлжээгээ шинэчилж, худалдааны тодорхойгүй байдалд зохицох арга хэмжээ авч байгаагаа мэдэгдсэн байна.   

mobile-logo