- Өмнөговь аймгийн Даланзадгад суманд дулааны цахилгаан станц байгуулах төслийг санхүүжүүлэх зорилгоор 500 тэрбум төгрөг хүртэлх хэмжээний аймгийн үнэт цаасыг дотоодын зах зээлд үе шаттай арилжаалах эрхийг олголоо.
- 2023 онд төвлөрсөн системийн оргил ачаалал 1,636 МВт хүрч, өмнөх оноос 11.3 хувиар өссөн нь шинэ эх үүсвэрийн шаардлагыг улам нэмэгдүүлж байна.
- Өмнөговь аймаг үнэт цаас гарган хөрөнгө татан төвлөрүүлж, дэд бүтцийн томоохон төслийг санхүүжүүлэх Монгол Улсын анхны аймаг болж байна.

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 50 МВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц байгуулах төслийг санхүүжүүлэх зорилгоор 500 тэрбум төгрөг хүртэлх хэмжээний аймгийн үнэт цаасыг дотоодын зах зээлд үе шаттай арилжаалах эрхийг Засгийн газрын шийдвэрээр Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатад олголоо.
Аймгийн үнэт цаас гаргах ажиллагааг тухайн жилийн төсвийн тухай хууль болон Засгийн газрын өрийн удирдлагын 2026–2028 оны стратегийн баримт бичгийн хүрээнд хэрэгжүүлэх бөгөөд жил бүрийн төсвийн төсөлд үнэт цаасны хэмжээ, санхүүжүүлэх дүнг тооцон тусгах үүргийг Сангийн сайд Б.Жавхлан, аймгийн Засаг дарга Н.Энхбат нарт өгсөн байна. Мөн үнэт цаасны арилжаанаас төвлөрсөн хөрөнгийг зөвхөн төслийн зориулалтаар ашиглаж, эргэн төлөлтийг аймгийн төсөвт тусган, хуваарьт хугацаанд барагдуулахыг даалгажээ.
Сүүлийн жилүүдэд Даланзадгад сумын эрчим хүчний хэрэглээ эрчимтэй өсөж байна. 2023 онд 59.2 сая кВт.ц байсан хэрэглээ 2033 онд 105.8 сая кВт.ц-д хүрнэ гэсэн тооцоо гарчээ. Мөн 2023 онд төвлөрсөн системийн оргил ачаалал 1,636 МВт хүрч, өмнөх оноос 11.3 хувиар өссөн нь шинэ эх үүсвэрийн шаардлагыг улам нэмэгдүүлж байна.
Одоогийн ашиглаж буй 9 МВт-ын хүчин чадалтай, хуучирсан станц нь 30.6 сая кВт.ц үйлдвэрлэх боломжтой бөгөөд үлдсэн эрчим хүчийг төвийн системээс авдаг ч энэ нь найдвартай бус хангамж юм. Иймээс шинэ 50 МВт-ын хүчин чадалтай станц барьснаар зөвхөн Даланзадгадын хэрэглээг бүрэн хангахаас гадна бүсийн эрчим хүчний ачааллыг бууруулж, бие даасан хангамж бий болгох, уул уурхай, аялал жуулчлал, орон нутгийн хөгжлийн суурь дэд бүтцийг дэмжих ач холбогдолтой гэж үзэж байна.
Өмнөговь аймаг үнэт цаас гарган хөрөнгө татан төвлөрүүлж, дэд бүтцийн томоохон төслийг санхүүжүүлэх Монгол Улсын анхны аймаг болж байна.