bnr-0
АНУ, Украин эдийн засгийн түншлэлийн гэрээнд гарын үсэг зурж, байгалийн нөөц ашиглах шинэ тохиролцоонд хүрлээ
05 сарын 01, 2025
ХУВААЛЦАХ
  • АНУ, Украин улс байгалийн нөөц эзэмших, олборлох тухай асуудлыг хамарсан эдийн засгийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.
  • Шинэ хөрөнгө оруулалтын сангийн хүрээнд ашигт малтмалын орлогоос 50 хувийг хамтран удирдах санд хуваарилна.
  • Украины тал газар доорх баялаг улсын өмч хэвээр байх бөгөөд олборлох эрхийг зөвхөн Украин тодорхойлно гэж мэдэгдэв.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа лхагва гарагийн орой Украины эдийн засгийг сэргээхэд чиглэсэн шинэ түншлэлийн гэрээгээ зарлалаа.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа лхагва гарагийн орой Украины эдийн засгийг сэргээхэд чиглэсэн шинэ түншлэлийн гэрээгээ зарлалаа. Энэхүү гэрээ нь дайны улмаас ихээхэн хохирсон тус улсын байгалийн нөөц ашиглалт, олборлолтод холбогдох гол заалтуудыг багтаасан гэж Цагаан ордны мэдэгдэлд дурджээ.

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент “АНУ-Украины Сэргээн босголтын хөрөнгө оруулалтын сан”-г байгуулсан нь “АНУ Украинтай хамтран хөрөнгө оруулж, тус улсын эдийн засгийн өсөлтийн чадавхыг нээж, сэргэлтийг нь хурдасгах боломжтой боллоо” гэж мэдэгдсэн юм. “Ерөнхийлөгч Трамп хэлж байсанчлан, АНУ нь энэ хэрцгий бөгөөд утгагүй дайныг зогсоох үйл явцыг дэмжих үүрэг хүлээсэн. Энэхүү гэрээ нь ОХУ-д хандан Трампын засаг захиргаа энхийн үйл явцыг тууштай дэмжиж эрх чөлөөт, тусгаар тогтносон, хөгжил цэцэглэл бүхий Украинтай урт хугацаанд хамтран ажиллах эрмэлзлийг илэрхийлж байна” гэж Бессент онцлов.

Бессент мөн “ОХУ-ын дайны машинд хөрөнгө, дэмжлэг үзүүлсэн аливаа улс орон, хуулийн этгээд Украин дахь сэргээн босголтын үйл явцаас ашиг хүртэх боломжгүй” хэмээн тэмдэглэжээ.

Украины эдийн засгийн сайд Юлия Свириденко уг гэрээний хүрээнд багтсан ашигт малтмалын асуудлаар тодруулга хийсэн бөгөөд “Ямар ашигт малтмалыг хаана, хэрхэн олборлохыг зөвхөн Украин улс шийднэ” гэдгийг сошиал хуудсаараа дамжуулан мэдэгдээд “Газрын доорх баялаг нь зөвхөн Украины төрийн өмч хэвээр байна” гэж онцолжээ.

Гэрээний дагуу хөрөнгө оруулалтын санг Украин болон АНУ хамтран удирдах бөгөөд аль нэг талд давамгай саналын эрх олгохгүй гэж Свириденко мэдэгдэв. Тус санг Украин дахь шинэ нефть, байгалийн хий болон стратегийн ашигт малтмалын лицензээр санхүүжүүлэх ба лицензийн орлогын 50 хувийг шууд санд төвлөрүүлэх ажээ.

АНУ-ын зүгээс хөрөнгө оруулалтын санд өөрийн хувь нэмрээ оруулна гэдгийг баталсан ч чухам хэр хэмжээний санхүүжилт хийх нь одоогоор тодорхойгүй байна.   

mobile-logo