bnr-0
United Airlines-ийн онгоцнуудад Starlink-ийн сүлжээ нэвтэрнэ
05 сарын 13, 2025
ХУВААЛЦАХ
  • АНУ-ын агаарын тээвэрлэгч United Airlines-ийн онгоцнуудад Starlink-ийн интернэт сүлжээ энэ сарын 15-аас ашиглалтад орохоор болжээ.
  • Starlink-ийн татах хурд нь 217 Mbps, илгээх хурд нь 26.8 Mbps байсан аж. 
  • United Airlines энэ оны сүүлч гэхэд өөрийн Embraer 175 загварын 300 ширхэг онгоцод Starlink-ээр тоноглохоор зорьж байна.
АНУ-ын агаарын тээвэрлэгч United Airlines-ийн онгоцнуудад Starlink-ийн интернэт сүлжээ энэ сарын 15-аас ашиглалтад орохоор болжээ.

АНУ-ын агаарын тээвэрлэгч United Airlines-ийн онгоцнуудад Starlink-ийн интернэт сүлжээ энэ сарын 15-аас ашиглалтад орохоор болжээ. Уг үйлчилгээг нэвтрүүлэх туршилтын хүрээнд хэд хэдэн хэвлэл мэдээллийн төлөөлөгчдийг албан ёсны нээлтээс өмнө Starlink Aviation Wi-Fi-г туршихаар урьсан байна. 

The Points Guy-ийн сэтгүүлч Шон Кудахигийн мэдээлснээр, Starlink-д холбогдох нь тун амархан байсан. Тэрбээр утсаа гаргаад Unitedwifi.com сүлжээнд холбогдсон бөгөөд үүгээр дамжуулан гарч ирсэн хуудас дээрх “Get Started” товчийг дарснаар United Airlines-ийн гар утасны апп автоматаар нээгдсэн аж. Starlink-ийн хурд тогтвортой, удаан нислэгт яг тохирох түвшинд байсан гэж тэрбээр тэмдэглэжээ. 

Starlink-ийн татах хурд нь 217 Mbps, илгээх хурд нь 26.8 Mbps байсан аж. 

United Airlines нь Starlink үйлчилгээг MileagePlus хөтөлбөрийн гишүүдэд үнэгүй санал болгож байгаа бөгөөд Кудахигийн туршлагаас үзвэл нислэгтээ гарахаас өмнө United аппликэйшнийг урьдчилан татаж авах нь хамгийн зөв алхам ажээ.

United Airlines энэ оны сүүлч гэхэд өөрийн Embraer 175 загварын 300 ширхэг онгоцод Starlink-ээр тоноглохоор зорьж байна. Одоогоор сар бүр 40 онгоцонд Starlink төхөөрөмж суурилуулж байгаа аж.

Өнгөрсөн сард АНУ-ын Холбооны Иргэний Нисэхийн Захиргаа (FAA) нь Starlink суурилуулах зөвшөөрөл олгосон. United Airlines ирэх саруудад Starlink Wi-Fi-г бүх нислэгтээ нэвтрүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд одоогоор 16 өөр загварын онгоцонд Starlink төхөөрөмж суурилуулах зөвшөөрөл авах шатандаа явж байна. 

Энэ сарын 1-ээс "United Airlines" АНУ-ын агаарын тээврийн компаниудаас анх удаа Монгол Улс руу тогтмол нислэгтэй болсон юм. Долоо хоног бүрийн лхагва, баасан, ням гарагт үйлдэх уг нислэгт мөн тун удахгүй Starlink-ийн интернэт холболтоор тоноглогдох аж.  

mobile-logo