bnr-0
ТҮЦ-үүдийг нүүлгэн чөлөөлсөн нь хүүхдийн эрүүл мэндэд ахиц авчрав
05 сарын 07, 2025
ХУВААЛЦАХ
  • 1400 орчим ТҮЦ-ээс 1278-ыг буулгаж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлжээ.
  • Шошгогүй, чанаргүй хүнс худалдан авах эрсдэлийг бууруулж, хүүхдийн аюулгүй орчныг дэмжив.
  • ТҮЦ эрхлэгчдэд зах худалдааны төвүүдэд лангуу санал болгож, орлогын эх үүсвэрийг нь хадгалахаар ажиллаж байна.
Энэхүү нүүлгэн шилжүүлэлт нь зөвхөн нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлсөн хот төлөвлөлтийн ажил бус, хүүхдийн эрүүл аюулгүй амьдрах орчныг хангахад чиглэсэн бодит бодлого болж буйг эцэг эхчүүд онцолжээ.

Нийслэлийн зүгээс олон жил яригдсан ч тодорхой шийдэлд хүрч чадаагүй байсан түргэн үйлчилгээний цэгүүд буюу ТҮЦ-үүдийг чөлөөлөх ажил энэ удаад бодит үр дүнтэй хэрэгжиж эхэлжээ. Хотын зургаан дүүрэгт бүртгэлтэй 1400 орчим ТҮЦ-ээс өнөөдрийн байдлаар 1278-ыг буулгаж, замын гарц, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлсөн байна. Ажлын явц 91 хувьд хүрээд байгаа бөгөөд үлдсэн хэсгийг үе шаттайгаар буулгах ажил үргэлжилж байна.

Хүүхдийн эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүдийн дүгнэснээр энэ нь зөвхөн хотын өнгө үзэмжийг сайжруулах бус, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, ялангуяа бага насны хүүхдүүдийг чанаргүй хүнснээс хамгаалах томоохон алхам болжээ. Тэдний тайлбарласнаар сургуулийн орчинд хамгийн их тархсан бүтээгдэхүүнүүд нь гарал үүсэл тодорхойгүй, шошгогүй, хямд үнэ бүхий хүнсний бүтээгдэхүүнүүд байсан бөгөөд үүнээс үүдэлтэй хоолны хордлого, харшил, ходоод гэдэсний эмгэгүүд хүүхдүүдийн дунд түгээмэл болж байсныг удаа дараа анхааруулж ирсэн байна.

Эцэг эхчүүдийн дийлэнх нь ТҮЦ-үүдийг нүүлгэснээр хүүхдүүдийн хүнсний хэрэглээнд тавих хяналт сайжирч, сэтгэл зовох асуудал багассан хэмээн санал асуулгад хариулжээ. Чихэр, хатаасан жимс, жигнэмэг зэрэг хадгалалтын горим шаарддаг хүнсний бүтээгдэхүүнүүд зохих хяналтгүй, гудамжны худалдаагаар дамжин хүүхдийн гарт хүрч байсан нь хууль зөрчсөн худалдан авалтыг өдөөж байсныг эцэг эхчүүд онцолж байна.

Нөгөө талд, ТҮЦ ажиллуулж байсан иргэдийн хувьд орлогын эх үүсвэрээ алдах эрсдэлтэй тул нийслэлээс бодлогын дэмжлэг үзүүлж, зах худалдааны төвүүдэд лангуу түрээслэх боломжийг санал болгоод байна. Нарантуул, Хархорин зэрэг томоохон захуудаар дамжуулан шинэ байрлал санал болгож, тухайн лангуудын бүтэн жилийн түрээсийн төлбөрийг төрөөс хариуцах шийдлийг ч танилцуулжээ. Мөн зарим ТҮЦ эрхлэгчдийг төрийн байгууллагын ажлын байранд диплом харгалзахгүйгээр зуучлах санал ч хүргүүлжээ.

Энэхүү нүүлгэн шилжүүлэлт нь зөвхөн нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлсөн хот төлөвлөлтийн ажил бус, хүүхдийн эрүүл аюулгүй амьдрах орчныг хангахад чиглэсэн бодит бодлого болж буйг эцэг эхчүүд онцолжээ. Харин эрүүл мэндийн салбарынхан энэ алхмыг урьд өмнө огт хэрэгжүүлж чадаагүй эрүүл мэндийн чухал ажил гэж үнэлж, цаашид ч хүүхдийн эрүүл мэндийн төлөө ийм бодлогын шийдвэрүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шаардлагатайг тодотгожээ.   

mobile-logo