- АНУ-ын EXIM банк 12 жилийн өмнөх нүүрсний хоригийг цуцлан санхүүжилтэд эргэн орлоо.
- Трампын зарлигтай уялдан банкны байгаль орчны бодлого эрс өөрчлөгджээ.
- Байгаль хамгаалагчид татвар төлөгчдийн мөнгийг нүүрсэнд зарцуулж буйг шүүмжилж байна.

АНУ-ын Экспорт-Импортын банк нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудын төслүүдийг гадаадад санхүүжүүлэхийг хориглосон шийдвэрээ цуцалж, энэ төрлийн төсөлд оролцохоор албан ёсоор шийдвэрлэлээ. Уг алхам нь Ерөнхийлөгч Дональд Трампын гаргасан зарлигийн хүрээнд хийгдсэн бөгөөд Трамп холбооны агентлагуудыг нүүрс болон эрчим хүчний төслүүдийг дэмжих бодлого баримтлахыг үүрэгдсэн юм.
АНУ-ын EXIM банк 2013 онд байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Friends of the Earth” байгууллагын шүүхийн нэхэмжлэлийн дараагаар нүүрсний төсөлд зөвхөн нүүрстөрөгч ялгаруулалтыг бууруулах технологи ашигласан тохиолдолд л санхүүжилт олгоно хэмээн журамдаа өөрчлөлт оруулж байв. Үүнээс хойш тус банк ямар ч нүүрсний төслийг дэмжээгүй бөгөөд одоогийн шинэ шийдвэр нь Трампын “Америкийг нэгдүгээрт” зарчимтай бүрэн нийцэж байна гэж албаны эх сурвалжууд тайлбарлажээ.
Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээлснээр нүүрс нь дэлхийн цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн 33 хувийг бүрдүүлдэг бөгөөд хамгийн их хүлэмжийн хий ялгаруулдаг түлш хэвээр байна. Хэдий тийм ч, нүүрсний хэрэглээ өндөр хөгжилтэй улсуудад буурч буй ч хөгжиж буй орнууд болон олон улсын хэмжээнд эрэлт өссөөр байгаа аж.
Харин байгаль орчныг хамгаалах салбарынхан уг шийдвэрийг хурцаар шүүмжилж, EXIM банк татвар төлөгчдийн мөнгийг уур амьсгалд сөрөг нөлөө үзүүлдэг төслүүдэд зарцуулж байна хэмээн буруушааж байна. Тэд EXIM банкийг өнгөрсөн хугацаанд ч нүүрс, газрын тос, байгалийн хий зэрэг уламжлалт эрчим хүчний төслүүдийг аль ч улс төрийн хүчний үед дэмжиж ирснийг онцолсон байна.
АНУ-ын Экспорт-Импортын банкны журамд аж үйлдвэрийн төрлөөс шалтгаалан санхүүжилт татгалзахыг хориглосон ч байгаль орчны эрсдэлтэй холбоотойгоор дэмжлэг олгохоос татгалзах эрх олгодог заалт бий. Гэсэн ч энэ удаагийн шийдвэр нь тус банкны олон жилийн байгаль орчны бодлогыг эргэн өөрчилж шинэ маргаан өрнүүлэх нөхцөлийг бүрдүүлээд байна.