bnr-0
Монгол Улс 2030 он гэхэд ДНБ-ийнхээ 10 хувийг аялал жуулчлалын салбараас бүрдүүлэх хүлээлттэй байна
05 сарын 02, 2025
ХУВААЛЦАХ
  • Монгол Улс 2030 он гэхэд аялал жуулчлалыг дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 10 хувийг бүрдүүлдэг салбар болгохоор зорьж, жилд 2 сая жуулчин хүлээн авахаар төлөвлөж байна.
  • 2024 онд Монгол Улс түүхэндээ хамгийн олон буюу 808,000 гадаадын жуулчин хүлээн авч, дээд амжилт тогтоожээ.
  • 2023 онд Монгол Улс 22,000 орчим америк жуулчин хүлээн авсан бол шинэ нислэгийн ачаар энэ тоо эрс нэмэгдэх хүлээлттэй байна.
Засгийн газраас жуулчдын жилийн өсөлтийг 16 хувьд хүргэх зорилт тавиад байна.

Монгол Улс 2030 он гэхэд аялал жуулчлалыг дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 10 хувийг бүрдүүлдэг салбар болгохоор зорьж, жилд 2 сая жуулчин хүлээн авахаар төлөвлөж байгаа талаар ССАЖЗЯ-ны сайд Ч.Номин CNBC-д өгсөн ярилцлагадаа онцоллоо. Одоогоор манай улсын аялал жуулчлалын салбар ДНБ-ний 3–4 хувийг эзэлж байна.

2024 онд Монгол Улс түүхэндээ хамгийн олон буюу 808,000 гадаадын жуулчин хүлээн авч, дээд амжилт тогтоосон бөгөөд онгон байгаль, адал явдалт аялал хайж буй жуулчдын тоо тасралтгүй өсөж байгаа аж. Засгийн газраас жуулчдын жилийн өсөлтийг 16 хувьд хүргэх зорилт тавиад байна.

Өчигдөр буюу пүрэв гарагт АНУ-ын “United Airlines” компанийн анхны нислэг Токиогоор дамжин Улаанбаатарт газардсан нь аялал жуулчлалын салбарын хувьд чухал алхам болсныг сайд онцолжээ. Уг нислэгийг долоо хоногт гурван удаа үйлдэх юм. 2023 онд Монгол Улс 22,000 орчим америк жуулчин хүлээн авсан бол шинэ нислэгийн ачаар энэ тоо эрс нэмэгдэх хүлээлттэй байна.

Аялал жуулчлалыг тогтвортой хөгжүүлэхийн тулд зам, зочид буудал, аялал жуулчлалын бааз зэрэг дэд бүтцэд 4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа бөгөөд Засгийн газар урт хугацаатай, хүү багатай зээл олгож, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг сайд Ч.Номин тодотгожээ.

Түүнчлэн, жуулчдын тоо нэмэгдэх хэрээр байгаль орчноо хамгаалж, орон нутгийн иргэдэд бодит үр өгөөж хүргэх нь нэн чухал гэдгийг тэрбээр онцлон тэмдэглэсэн байна.   

mobile-logo