- EF Education First байгууллагаас жил бүр гаргадаг Англи хэлний мэдлэгийн индекс (EF EPI) 2024 тайланд Монгол Улс 116 орноос 84 дүгээрт эрэмбэлэгдэж, бага түвшний мэдлэгтэй орнуудын ангилалд багтлаа.
- Харин уг жагсаалтыг Нидерланд тэргүүлж, Норвеги удаалсан бол Ази тивээс Сингапур жагсаалтын гуравдугаарт эрэмбэлэгдэж, "маш өндөр мэдлэгтэй" ангилалд багтжээ.
- Дэлхийд 26–30 насныхан англи хэлний хамгийн өндөр түвшинтэй байна.

Монгол Улс 2024 оны Англи хэлний мэдлэгийн индексээр дэлхийд 84 дүгээрт эрэмбэлэгдлээ. EF Education First байгууллагаас жил бүр гаргадаг Англи хэлний мэдлэгийн индекс (EF EPI) 2024 тайланд Монгол Улс 116 орноос 84 дүгээрт эрэмбэлэгдэж, бага түвшний мэдлэгтэй орнуудын ангилалд багтлаа. Энэ нь өмнөх жилийн үзүүлэлттэй харьцуулахад 18 оноогоор буурсан дүн юм.
Харин уг жагсаалтыг Нидерланд тэргүүлж, Норвеги удаалсан бол Ази тивээс Сингапур жагсаалтын гуравдугаарт эрэмбэлэгдэж, "маш өндөр мэдлэгтэй" ангилалд багтжээ. Дараагаар нь Филиппин (дэлхийд 22 дугаар байр), Малайз (26 дугаар байр) орж, Ази тивд хоёр болон гуравдугаар байрыг эзэлсэн байна.
EF-ийн 2024 оны судалгаанд 2.1 сая гаруй насанд хүрэгчдийн EF SET буюу стандарт англи хэлний шалгалтын үр дүнг нэгтгэж, улс орнуудын англи хэлний чадварыг үнэлжээ.
Монгол Улсын эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс арай өндөр түвшний англи хэлний чадвартай гэсэн үр дүн гарсан ч нийт дүнгээрээ хоёулаа “бага” түвшинд хамаарч байна.
Дэлхий даяарх хүмүүсийн англи хэлний мэдлэгийн түвшин дөрөв дэх жилдээ дараалан буурч байгаа бөгөөд олон оронд англи хэл сурах урам зориг сулрах хандлага ажиглагдсан гэж тус тайланд дурджээ. Дэлхийд 26–30 насныхан англи хэлний хамгийн өндөр түвшинтэй байна.
Англи хэл нь олон улсын хамтын ажиллагаанд чухал үүрэгтэй бөгөөд энэ нь салбар бүрд хамаатай. Түүнчлэн англи хэлний мэдлэгээр дээгүүр тооцогдож буй байгууллагууд илүү уян хатан, өрсөлдөх чадвартай байх хандлагатай байдаг. Харин дунджаас доогуур түвшинтэй буй байгууллагууд, ажилтнууд нь тухайн улсын дундаж түвшнээс өндөр мэдлэгтэй байсан ч дэлхийн зах зээлд өрсөлдөхөд хүндрэлтэй байх магадлал өндөр байдаг аж.