- АНУ, Хятадын худалдааны тарифыг 90 хоногийн хугацаанд завсарлах тухай мэдэгдлийн дараа АНУ-ын эдийн засаг хямрах магадлалыг 35 хувь хүртэл буурууллаа.
- Худалдааны нөхцөл байдал нь үйлдвэрлэлийн гарцад сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй хэвээр байгааг тэмдэглэсэн байна.
- Трампын засаг захиргаа ойрын хугацаанд бусад улс оронтой хийж буй худалдааны урьдчилсан хэлцлүүдийн талаар мэдэгдэл хийх хүлээлттэй байна.

“Goldman Sachs” компанийн эдийн засагчид АНУ-ын эдийн засаг хямрах эрсдэлийг 45 хувь хэмээн үнэлж байсан бол АНУ, Хятадын худалдааны өндөр тарифыг 90 хоногийн хугацаанд завсарлах тухай мэдэгдлийн дараа магадлалыг 35 хувь хүртэл буурууллаа.
“ДНБ-ийн өсөлтөд үзүүлэх нөлөө харьцангуй бага, нөгөө талаас АНУ-БНХАУ-ын худалдааны дайны эрсдэл намжсантай холбоотойгоор ойрын 12 сарын хугацаанд эдийн засаг хямрах магадлалыг 35 хувь болгон бууруулж байна” хэмээн тус компаниас харилцагчдадаа хандсан мэдэгдэлдээ онцолжээ. Гэсэн ч худалдааны нөхцөл байдал нь үйлдвэрлэлийн гарцад сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй хэвээр байгааг тэмдэглэсэн байна.
“Goldman Sachs”-ийн шинжээчид мөн Трампын засаг захиргаа ойрын цөөн долоо хоногийн хугацаанд бусад улс оронтой хийж буй худалдааны урьдчилсан хэлцлүүдийн талаар мэдэгдэл хийх хүлээлттэй учраас АНУ-ын тариф аажмаар буурна гэж үзжээ.