bnr-0
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо орж, салхи ширүүснэ; Нийслэлд дулаахан байна
06 сарын 05, 2025
ХУВААЛЦАХ
  • Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай бороо орно.
  • Тал, хээрийн бүсээр салхи секундэд 17 метр хүрч ширүүснэ.
  • Улаанбаатар хотод бороо орохгүй, +21 градус дулаан байна.
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо орж, салхи ширүүснэ.

Улаанбаатар хот орчимд өнөөдөр багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6–11 метр, агаарын температур өдөртөө +19...+21 градусын хооронд хэлбэлзэнэ.

2025 оны зургаадугаар сарын 5-ны өдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй, хойноос орж ирсэн сэрүүн агаарын урсгал нөлөөлснөөр хойд болон төвийн аймгуудын уулархаг бүс нутгаар хур тунадас орж эхэллээ. Увс нуурын хотгор, мөн Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар аадар бороо орж, зарим газраар дуу цахилгаантай байх төлөвтэй байна.

Харин бусад нутгаар тэнгэр цэлмэг эсвэл үүл багатай байх бөгөөд бороо орохгүй. Гэсэн ч тал, хээрийн нутгаар салхи секундэд 15–17 метр хүрч ширүүсэх төлөвтэй тул малчид, тариаланчид, тээвэрчид анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна. Бусад бүс нутагт салхины хурд дунджаар секундэд 5–10 метр байна.

Агаарын температурт мэдэгдэхүйц зөрүү ажиглагдах бөгөөд хойд нутгийн уулархаг бүс болон голын хөндийгөөр +16...+21 градусын хооронд, төвийн болон зүүн аймгуудын говь, тал нутгаар +20...+25 градус, харин баруун өмнөд говь, Их нууруудын хотгор орчмоор +29...+34 градус хүрч хална. Бусад нутгаар өдөртөө +24...+29 градусын дулаан цаг агаар зонхилно.

Иймд замын хөдөлгөөнд оролцогчид болон аялал, хөдөө ажиллах иргэд салхи шуурганд анхааралтай байж, цаг агаарын өөрчлөлтөд зохицон хувцаслахыг мэргэжлийн байгууллагууд анхааруулж байна.  

mobile-logo