bnr-0
Samsung эвхэгддэг гар утасны шинэ төрөл танилцуулна
06 сарын 06, 2025
ХУВААЛЦАХ
Энэ удаа Galaxy Z Fold Ultra нэрээр үргэлжлэх магадлалтай байна.

Samsung компани анхны “Ultra” ангиллын эвхэгддэг ухаалаг гар утсаа тун удахгүй худалдаанд гаргахаар зэхэж буйгаа баталлаа. “Ultra” нэршлийг тус компани утас, таблет, зүүж хэрэглэдэг төхөөрөмжийнхөө дээд зэрэглэлийн загварт зориулан хэрэглэдэг бөгөөд энэ удаа уг ангилал эвхэгддэг бүтээгдэхүүнд анх удаа нэвтрэх гэж байна.

Samsung шинэ төхөөрөмжийн нэрийг хараахан зарлаагүй ч олон нийтэд хүрсэн видео нь ном хэлбэрийн, хоёр тийшээ эвхэгддэг загварыг харуулж, “Ultra сэтгэл ханамж” хэмээн тодотгосон байна. Энэхүү утас нь зүгээр нэг техникийн сайжруулалт бус, илүү авсаархан хэлбэрт багтаасан, хиймэл оюунд суурилсан цоо шинэ хэрэглээний орчныг бий болгоно гэж компани онцолжээ.

Шинэ загвар дэлгэгдэх үедээ “тав тухтай үзвэрийн төв, өргөн зайтай ажлын талбар, хүчирхэг олон үүрэгт төхөөрөмж” болон хувирч, Galaxy AI-тай уялдсан шинэ боломжуудыг санал болгоно гэж Samsung мэдэгдсэн байна.

Тус компани яг аль загварын тухай ярьж байгаагаа тодорхой хэлээгүй ч шинжээчдийн үзэж буйгаар энэ нь одоо зах зээлд байгаа Galaxy Z Fold 7 загварын шинэ хувилбар биш, харин түүнээс өндөр үзүүлэлттэй гурав дахь эвхэгддэг төхөөрөмж байж болзошгүй. Өмнө нь Galaxy Watch Ultra зэрэг нэршлийг тусгай шинэ ангилал үүсгэхэд ашиглаж байсан нь энэ удаа Galaxy Z Fold Ultra нэрээр үргэлжлэх магадлалтайг илтгэж байна.

Samsung компани энэ жил эхний улиралд Galaxy S25 Edge загварыг танилцуулахдаа “S25” нэршлийг хадгалсан ч, энэ удаад Fold цувралын нэрлэлтэд өөрчлөлт хийх нь гарцаагүй бололтой. Хэрэв “Ultra” нэрийг дангаар нь ашиглавал, энэ нь Samsung-ийн эвхэгддэг утасны цоо шинэ ангиллын эхлэл болж болзошгүй юм.

Шинэ Ultra загварын гар утас ирэх долдугаар сард нээлтээ хийх тухай мэдээлэл өмнө нь задраад байсан. Харин одоо Samsung өөрөө албан ёсоор тизер гаргасан нь тэр мэдээллийг баталж буй хэрэг болж байна. Зөвхөн техникийн төдийгүй хиймэл оюуны дэмжлэгтэй, шинэлэг загвартай энэхүү төхөөрөмж нь 2025 оны ухаалаг гар утасны зах зээлийн анхаарлын төвд байх нь дамжиггүй.  

mobile-logo