bnr-0
Монгол сүүн бүтээгдэхүүн анх удаа “Дэлхийн амтын дээд” шагнал хүртлээ
06 сарын 06, 2025
ХУВААЛЦАХ
  • Монгол сүүн бүтээгдэхүүн анх удаа “Superior Taste Award”-ын дээд үнэлгээг хүртэв.
  • Дэлхийн 100 гаруй орны бүтээгдэхүүнийг хараат бус байдлаар амтлах аргаар шалгаруулдаг байна.
  • Брюсселийн амтны институтийн шүүгчдийн багт дэлхийн топ тогооч нар оролцов.
Монгол сүүн бүтээгдэхүүн анх удаа “Дэлхийн амтын дээд” шагнал хүртлээ.

2025 оны зургадугаар сарын 2-нд Дубай хотноо болсон “Superior Taste Award” шагнал гардуулах ёслолд АПУ Дэйри компанийн гурван нэр төрлийн бүтээгдэхүүн Монгол Улсаа төлөөлөн анх удаа нэр дэвшиж, амт, бүтэц, тэнцвэрт байдлын дээд үнэлгээг авч, хүнсний салбарт тэмдэглүүштэй амжилт гаргалаа.

Энэхүү шагнал нь дэлхийн 100 гаруй орны бүтээгдэхүүнийг хараат бус байдлаар амтлах аргаар шалгаруулдаг International Taste Institute-ийн зохион байгуулдаг нэр хүндтэй арга хэмжээ юм. “Superior Taste Award”-ыг мэргэжлийн 250 гаруй Michelin одтой тогооч, дэлхийн шилдэг сомельер нар онооны дагуу олгодог бөгөөд энэ жилийн шүүгчдийн бүрэлдэхүүнд Францын ерөнхийлөгчийн тогооч Бернанд Восеон багтсан байна.

АПУ Дэйригийн гурван брэнд бүтээгдэхүүн энэхүү шүүлтээр дэлхийн тэргүүлэх брэндүүдтэй эн зэрэгцэн шалгарсан нь шинжлэх ухаан, уламжлал, инновацын хослол хэрхэн амжилтад хүрдэгийг харуулсан жишээ боллоо.

Шагнал хүртсэн бүтээгдэхүүний нэг бол Архангай аймгийн Чулуут сумын малчдын уламжлалт мэдлэгт суурилсан, органик түүхий эдээр үйлдвэрлэсэн Mont-Yak шар тос бөгөөд амт, шим тэжээл, эрүүл мэндэд үзүүлэх үр нөлөөгөөрөө олон улсын амт шүүгчдийн таашаалд нийцэж, онцгой үнэлгээ авчээ.

Эдгээр амжилт нь зөвхөн нэг компанийн төдийгүй Монголын хүнсний салбарын хөгжлийг илэрхийлж мэргэжилтнүүдийн судалгаа, дэвшилтэт технологи, үндэсний орц найрлага хослон дэлхийн зах зээлд хүрэх боломжийг бодитоор харууллаа.  

mobile-logo