bnr-0
TikTok зургийг видео болгох чадамжтай хиймэл оюуны шинэ функцээ танилцууллаа
05 сарын 14, 2025
ХУВААЛЦАХ
  • Шинэ функц нь “TikTok AI Alive” нэртэй бөгөөд хэрэглэгчдэд хөдөлгөөнгүй гэрэл зургаа богино хэмжээний видеонд хувиргах боломжийг олгож байна. 
  • Instagram болон Snapchat зэрэг платформууд мөн AI ашиглан зураг үүсгэх боломжийг олгодог ч, TikTok нь одоо хэрэглэгчдэд зургаас видео үүсгэх боломжийг санал болгож байгаа анхны платформ болж байна.
  • “AI Alive” ашиглан үүсгэсэн Stories нь хиймэл оюунаар бүтээгдсэн гэдгийг харуулсан шошготой байх ба видеонд C2PA мета өгөгдөл шингээсэн байна.
TikTok компани зургаас видео үүсгэх чадамжтай хиймэл оюун ухааны шинэ функцээ танилцууллаа.

TikTok компани зургаас видео үүсгэх чадамжтай хиймэл оюун ухааны шинэ функцээ танилцууллаа. Уг шинэ функц нь “TikTok AI Alive” нэртэй бөгөөд хэрэглэгчдэд хөдөлгөөнгүй гэрэл зургаа богино хэмжээний видеонд хувиргах боломжийг олгож байна. 

Жишээлбэл, хэрэв таны зурагт тэнгэр, үүл, далай зэрэг элементүүд байгаа бол TikTok уг зургийг тэнгэрийн өнгө аажмаар солигдох, үүлнүүд хөвөх, долгионы чимээ сонсогдох видеонд хувиргаж чадна. Мөн хүний зургийг хөдөлгөөн, нүүрний илэрхийлэлтэй анимэйшн болгон хувиргах боломжтой аж.

Энэхүү зургаас видео үүсгэх шинэ функц нь TikTok-ийн дотор нэвтрүүлж байсан текстээс зураг үүсгэгч AI генераторын дараагийн алхам юм. Instagram болон Snapchat зэрэг платформууд мөн AI ашиглан зураг үүсгэх боломжийг олгодог ч, TikTok нь одоо хэрэглэгчдэд зургаас видео үүсгэх боломжийг санал болгож байгаа анхны платформ болж байна. Snapchat ч мөн удахгүй зургаас AI видео үүсгэх боломжийг танилцуулахаа мэдэгдээд байгаа юм. 

“AI Alive” ашиглан үүсгэсэн Stories нь хиймэл оюунаар бүтээгдсэн гэдгийг харуулсан шошготой байх ба видеонд C2PA мета өгөгдөл шингээсэн байна. Энэ нь тухайн видео TikTok-оос татагдсан эсвэл өөр газарт хуваалцсан ч хиймэл оюунаар бүтээгдсэн гэдгийг илрүүлэхэд тусалдаг техникийн стандарт юм. 

“Бид шинэ AI шийдлүүдээ аюулгүй байдлыг үргэлж бодолцож бүтээдэг. Энэхүү технологи шинэ төрлийн бүтээлч илэрхийллийг бий болгож байгаа учраас хэрэглэгчдийг хамгаалахын тулд олон шатны хяналт, аюулгүй байдлын шалгалтад ордог” хэмээн тус компани дурдлаа.  

mobile-logo