- COMEX бирж дээр зэсийн үнэ 1.3 хувиар өсөж, тонн нь 10,296 ам.долларт хүрлээ.
- Хятадын зэсийн баяжмалын импорт дөрөвдүгээр сард 3 сая тоннд хүрч, түүхэн дээд үзүүлэлт тогтоов.
- Тарифын зөрчил намжсан ч инфляц, дэлхийн өсөлт удаашрах эрсдэл хэвээр байна.

Зэсийн үнэ өсөхөд АНУ, БНХАУ хоёрын худалдааны зөрчлийг түр намжаасан алхам нөлөөлсөн ч дэлхийн эдийн засгийн өсөлт удааширч, инфляц үргэлжилсээр байгааг шинжээчид анхааруулсаар байна.
АНУ-ын COMEX бирж дээр долдугаар сарын гэрээт зэсийн үнэ 1.3 хувиар өсөж, фунт нь 4.68 ам.доллар буюу тонн нь 10,296 ам.долларт хүрсэн бол Лондоны металлын биржид үнийн өсөлт 0.3 хувьтай гарч, тонн нь 9,544 ам.долларт хүрэв. Энэ нь өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойших хамгийн өндөр түвшинд дөхсөн үзүүлэлт байлаа.
Худалдааны маргааны сүүдэрт дарагдсан түүхий эдийн зах зээлд АНУ, Хятадын шинэ тарифын бууралт түр зуур “амьсгаа дарах” орон зай авчирч, хүлээлт өөрчлөгдсөн нь үнэ өсөхөд түлхэц болов. АНУ-ын Сангийн сайд Бессентийн хэлснээр, уг тохиролцоо нь хоёр орны цаашдын яриа хэлэлцээг “сайн суурь”-тай болгоно гэж үзэж байгаа аж. Тэрбээр АНУ Хятадаас өргөн хүрээний эдийн засгийн салангид байдал үүсгэх зорилт тавиагүйг онцолсон байна.
Хятадын зэсийн баяжмалын импорт дөрөвдүгээр сард огцом өсөж, 3 сая тоннд хүрсэн нь дотоодын үнийн дарамтыг зөөлрүүлж, түүхий эдийн хомсдолд өртсөн хайлуулах үйлдвэрүүдэд бага ч болов амсхийх боломж өгч байна. Гэхдээ дэлхий даяар баяжмал хайлуулах хураамжийн бодит ханш сөрөг хэвээр байгаа бөгөөд үйлдвэрүүдийн ашигт ажиллагаа улам доройтсоор байна. Энэ нь боловсруулах хүчин чадал хэт өссөн боловч хүдэр нийлүүлэлт хангалтгүй байгаатай холбоотой аж.
Дэлхийн зэс хайлуулах үйлдвэрүүдийн ихэнх нь БНХАУ-д төвлөрсөн ба тус улсын боловсруулсан зэсийн үйлдвэрлэл дахин дээд амжилт тогтоогоод байна. Үйлдвэрлэлээ танаж, ашигт ажиллагааг дэмжинэ гэж амласан хэдий ч практик дээр өсөлт үргэлжилж буй нь анхаарал татаж байна.
Гэсэн ч зах зээлд эргэлзээ хэвээр байгаа юм. Худалдааны энэхүү шинэ зохицуулалт ердөө 90 хоног хүчинтэй бөгөөд цаашид ямар түвшний тариф тогтоох нь тодорхой бус. Тиймээс хөрөнгө оруулагчид тогтворгүй нөхцөл байдал үргэлжлэхэд бэлэн байх шаардлагатай гэж шинжээчид үзэж байна. Үүнээс шалтгаалан түүхий эдийн зах зээл цаашид өндөр савлагаатай хэвээр байх төлөвтэй байна.