- DeepSeek-ийн амжилтын томьёо бол залуу хятад инженерүүдийн баг, туршлагыг үл тоомсорлодог захирал, ухаалаг программчлалын шийдлүүдээс гадна АНУ-ын хуулийн цоорхой гэдэг нь тодорхой болж эхэлж байна.
- DeepSeek мэдээлэл боловсруулах процессыг хялбарчлах, Хятадын бусад хиймэл оюуны компаниудын адил хязгаарлагдмал нөхцөлд тохирсон стратеги ашиглах замаар асуудлаа шийджээ.
- Хятадын инженерүүдийн боловсруулсан DeepSeek-ийн хямд бөгөөд үр ашигтай хиймэл оюун хөгжүүлэлтийн арга барил нь Цахиурын Хөндий, бусад өрсөлдөгч компаниуд төдийгүй АНУ-ын бодлого боловсруулагчдад томоохон сорилт болж байна.
DeepSeek нэртэй Хятадын инженерүүдийн хиймэл оюуны бүтээл дэлхийг донсолгоод буй. Тэдний амжилтын томьёо бол залуу хятад инженерүүдийн баг, туршлагыг үл тоомсорлодог захирал, ухаалаг программчлалын шийдлүүдээс гадна АНУ-ын хуулийн цоорхой гэдэг нь тодорхой болж эхэлж байна.
Саяхныг хүртэл зах зээлд давамгайлж буй хиймэл оюуны загваруудыг хөгжүүлэхэд өндөр хүчин чадалтай, үнэтэй компьютерийн чипүүд зайлшгүй шаардлагатай гэж үздэг байсан. Чип үйлдвэрлэгч NVIDIA компанийн хувьцаа огцом өсөж, дэлхийн хамгийн үнэлгээ өндөртэй компанийн нэг болсон нь ч үүнтэй холбоотой. Харин АНУ-ын гаргасан хоригийн улмаас Хятадын компаниуд тэрхүү чипүүдийг олж авахад хүндрэлтэй болсон гэж олон мэргэжилтэн таамаглаж байв. Гэвч DeepSeek компани энэ хүлээлтийг няцааж, ухаалаг шийдэл олсон нь Уолл Стрийтэд $1 их наядын уналт дагуулж, Цахиурын Хөндийг өөрсдийн стратегиа дахин нягтлахад хүргэжээ.
Саяхан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хэлснээр, DeepSeek-ийн огцом амжилт Америкийг сэрээх дохио болж байна. Үүний дагуу Трампын засаг захиргаа ойрын хугацаанд Хятадын хиймэл оюун хөгжүүлэлтэд шаардлагатай чипийн хязгаарлалтыг өөрчлөх шийдвэр гаргахаар бэлдэж эхэллээ.
Хиймэл оюуныг DeepSeek хэрхэн хөгжүүлэв?
DeepSeek-ийн үүсгэн байгуулагч 40 настай Лян Вэнфэн компанийнхаа үйл ажиллагааг Хятадын технологийн төв гэгддэг өмнөдийн Ханжоу хотод эхлүүлжээ. Тус компани нь хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаанд хиймэл оюун ухааныг ашиглан арилжаа хийж ашиг хийх зорилгоос анх үүдэлтэй аж.
Хятадын нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагандаа Лян Вэнфэн өөрийнх нь компанийн ихэнх инженерүүд сургуулиа дөнгөж төгссөн, эсвэл дөнгөж нэгээс хоёр жилийн туршлагатай хүмүүс гэдгийг онцолж байв. Түүний хэлснээр “Туршлагатай хүн аливаа зүйлийг хэрхэн яаж хийх ёстойг түүртэлгүй хэлж өгнө. Харин туршлага багатай хүн олон дахин туршиж, гүнзгий тунгааж, тухайн нөхцөлд хамгийн тохиромжтой шийдлийг олдог” учраас ажлын туршлага нь амжилтанд саад болох эрсдэлтэй аж.
Шинжээчдийн үзэж буйгаар сүүлийн жилүүдэд ChatGPT зэрэг хиймэл оюуны загваруудыг боловсруулахдаа их хэмжээний текст, зураг болон бусад мэдээлэл ашигладаг байсан. Энэ нь хүчин чадал асар өндөр компьютерийн чипүүдийг шаардаж байв. Харин DeepSeek мэдээлэл боловсруулах процессыг хялбарчлах, Хятадын бусад хиймэл оюуны компаниудын адил хязгаарлагдмал нөхцөлд тохирсон стратеги ашиглах замаар асуудлаа шийджээ. Мөн холимог шинжээчдийн гэх аргыг ашигласнаар бүх сэдвийг мэддэг хиймэл оюуны ганц шийдлийн оронд, тодорхой чиглэлд нарийн мэргэшсэн шинжээчид хариулт өгдөг загварыг нэвтрүүлжээ. Энэ загвар нь илүү бага чипийн хүчин чадал шаардаж, зардлыг бууруулсан байна.
АНУ-ын хориг ба NVIDIA-ийн шийдэл
DeepSeek-ийн амжилтын гол хэсэг нь АНУ-ын экспортын хяналт сул байх үеийг ашигласан алхам байв. Байдены засаг захиргаа 2022 онд “CHIPS ACT” буюу хууль батлуулан Хятадад нийлүүлэх хиймэл оюун хөгжүүлэхэд ашиглаж болохуйц чипүүдэд хязгаарлалт тавьсан. OpenAI компанийн захирал Сэм Алтмэн тухайн үед “Хиймэл оюуны хөгжүүллэтийг ардчилсан алсын хараатай байлгахын тулд Америкийн давамгай байдал зайлшгүй шаардлагатай” гэж хүртэл мэдэгдэж байв. Шинэ хуулийн дагуу АНУ-ын компаниуд Хятадад чип борлуулахдаа өгөгдөл дамжуулах хурдыг бууруулах ёстой болсон. Гэхдээ NVIDIA хоригийн шаардлагыг зөрчихгүйгээр Хятадад зориулсан хурд багатай шинэ чип гаргасан бөгөөд харин гүйцэтгэлийн бусад үзүүлэлтүүдийг нь өндөр түвшинд хадгалсан байна.
DeepSeek компани нь NVIDIA-ийн энэхүү H800 гэх загварын чипийг ашиглан хиймэл оюуны хөгжүүлэлтийг хийсэн гэж 2023 оны 12-р сард нийтэлсэн судалгаандаа дурджээ. Одоо бүх хөзөр дэлгэгдэж АНУ-ын экспортын дүрэм улам чангарах тул DeepSeek-ийн цаашдын хөгжүүлэлт хязгаарлагдах магадлал өндөр байна.
Гэхдээ Америкийн технологийн салбарын шинжээчид DeepSeek компанийн бүх нууц ил болоогүй гэж үзэж буй. Яагаад гэхээр тэд Хятадын хиймэл оюун хөгжүүлэгчид NVIDIA-ийн хүчин чадал маш өндөр чипүүдийг нөөцөлсөн, эсвэл АНУ-аас бусад орноор дамжуулан үнэ цохиж хүчирхэг чипүүдэд хандаж байсан байж болзошгүй гэж таамаглаж байна.
Гол асуудал: DeepSeek-ийн ирээдүй
Хятадын инженерүүдийн боловсруулсан DeepSeek-ийн хямд бөгөөд үр ашигтай хиймэл оюун хөгжүүлэлтийн арга барил нь Цахиурын Хөндий, бусад өрсөлдөгч компаниуд төдийгүй АНУ-ын бодлого боловсруулагчдад томоохон сорилт болж байна.
NVIDIA компанийн мэдэгдсэнээр DeepSeek нь Америкийн экспортын хязгаарлалтыг даган мөрдөж буй бөгөөд хиймэл оюун хөгжүүлэлтийн шинэ сонирхолтой шийдлийг харуулсан гэжээ. Зах зээлд үүсээд байгаа сандралыг намжаахаар ингэж мэдэгдэхээс ч өөр аргагүй юм. Харин сайн мэдээ нь гэвэл зах зээлд савалгаа үүсгэж компанийнх нь үнэлгээнээс богино хугацаанд $600 тэрбумыг арчиж хаясан үйл явдал дахин давтагдах эрсдлийг хааж буй юм.
Гэвч АНУ-ын эрх баригчид Хятадын хиймэл оюуны хөгжлийг хязгаарлах шинэ, магадгүй өргөн хүрээний арга хэмжээг боловсруулж байгаа нь DeepSeek болон бусад өрсөлдөх чадвар өндөртэй хятад компаниудад том сорилт байх нь дамжиггүй юм.