
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен нар албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Австрийн Гадаад хэргийн яамны Ерөнхий нарийн бичгийн дарга Николаус Маршик нарын гарын үсэг зурсан тунхаглал нь олон улсын эрх зүй, хүний эрх, уур амьсгалын өөрчлөлт зэрэг асуудлуудын хүрээнд хамтран ажиллах нийтлэг зорилгыг нотолсон юм. Талууд НҮБ болон олон улсын байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ илэрхийлэв.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан болон Николаус Маршик нарын байгуулсан хэлэлцээр нь Монгол, Австрийн иргэдийн нийгмийн даатгалын эрхийг харилцан хүлээн зөвшөөрөх, тэтгэврийн эрхийг баталгаажуулах нөхцөлийг бүрдүүлжээ.
Мөн Монгол, Австрийн дипломат паспорт эзэмшигчид 180 хоногийн хугацаанд 90 хүртэлх хоног визгүй зорчих боломжтой боллоо. Энэ нь Монгол Улсын “Хүчирхэг Монгол паспорт” зорилтыг дэмжих нэг алхам юм.
Түүнчлэн хоёр улсын хооронд хууль бусаар оршин суугаа иргэдийг буцаах эрх зүйн орчныг бүрдүүлж, шилжилт хөдөлгөөнийг хууль ёсны хүрээнд зохицуулах нөхцөлийг бүрдүүлэв.
Сангийн сайд Б.Жавхлан, Николаус Маршик нар өмнөх 40 сая еврогийн зээлийн ерөнхий хэлэлцээр дууссантай холбогдуулан шинэ хамтын ажиллагааг эхлүүлэхээ баталгаажуулсан байна. Тус санхүүжилтийг эрүүл мэнд, дэд бүтэц, хөдөө аж ахуй зэрэгт зарцуулах чиглэлтэй юм.
Түүнчлэн хоёр улс шинэлэг технологи нэвтрүүлэх, шинжлэх ухааны салбарт судалгаа хийх, эрдэмтэн судлаач солилцох, мэргэжилтэн сургах зэрэг чиглэлээр хамтрах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Мөн соёл, урлагийн хамтын ажиллагааны хүрээнд хөгжмийн багш, оюутны солилцоо, хамтарсан уран бүтээл, судалгааны хурал, морин хуур болон угсаатны хөгжим судлалын төсөл хэрэгжүүлэх зэрэг чиглэлээр ажиллах юм.
Үндэсний музей, эрдэм шинжилгээний байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлж, түүхэн баримт, судалгаанд суурилсан хамтын төсөл хэрэгжүүлэх, цуглуулга солилцох, шинжлэх ухааны хамтарсан ажил өрнүүлэхээр болжээ.