- Даяар дуурсах мэргэн Л.Отгонбаяр эрэгтэй харваанд тэргүүлэв.
- Аймгийн мэргэн Л.Мөнхзул эмэгтэй ангилалд нэгдүгээр байрт шалгарлаа.
- Дархан мэргэн, даян мэргэн зэрэгтэй шилдгүүд наадамд өрсөлдсөн.

Монголын соёл, шашны өв уламжлалыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулагддаг “Хүрээ цам-Даншиг наадам”-ын үндэсний сурын харваанд энэ жил 700 гаруй харваач хурд, хараа, ухаанаа сорин өрсөлдлөө. Нийслэл иргэдийн өдрийг тохиолдуулан болсон энэхүү наадамд Монголын үндэсний сурын шилдэг цолтой, туршлагатай харваачдаас эхлээд залуу үеийн төлөөлөл ч олноороо оролцсон байна.
Харваанд Монгол Улсын дархан мэргэн 5, даяар дуурсах мэргэн 2, даян мэргэн 6, улсын мэргэн 16, хүндэт мэргэн 4, гарамгай, гоц, онч, тод харваач 51, аймаг, спортын зэрэгтэй 356, сумын цолтой 164, мөн залуу харваач 110 хүн цэц сорьжээ. Эдгээр харваачдаас эрэгтэй, эмэгтэй ангилал тус бүрд эхний таван байрт шалгарсан харваачдыг танилцуулж байна.
Эрэгтэй ангилалд Ховд аймгийн Булган сумын уугуул, Монгол Улсын даяар дуурсах мэргэн Л.Отгонбаяр түрүүлсэн бол Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын харьяат, аймгийн гарамгай харваач, спортын мастер Н.Амартайван хоёрдугаар байрт шалгарав. Харин гуравдугаар байрт Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, сумын мэргэн, спортын мастер Б.Мөнх-Эрдэнэ шалгарсан байна. Түүнчлэн Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул, аймгийн мэргэн Ц.Ганхуяг дөрөвдүгээр, Говь-Алтай аймгийн Жаргалант сумын харьяат, улсын мэргэн С.Сүрэнжав тавдугаар байрт шалгарлаа.
Эмэгтэй харваачдын дундаас Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын уугуул, аймгийн мэргэн, спортын мастер Л.Мөнхзул харваагаар толгойлон түрүүлэв. Түүний араас Өмнөговь аймгийн Ханхонгор сумын уугуул, Монгол Улсын гоц харваач О.Чинзүрх хоёрдугаар байрт, Дорнод аймгийн Баяндун сумын уугуул, гарамгай харваач Ч.Гандаваа гуравдугаар байрт тус тус шалгарчээ. Мөн Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын уугуул, спортын мастер Н.Базаррагчаа дөрөвдүгээр, Увс аймгийн Өндөрхангай сумын харьяат Д.Анударь тавдугаар байрт жагссан байна.
Энэхүү харваан нь үндэсний спортын шилдгүүдийг тодруулахаас гадна өв соёлыг таниулах, дараагийн залгамж үеийг бэлтгэх томоохон арга хэмжээ боллоо.