bnr-0
Эрчим хүчний салбарт үнэ тарифыг өртөгт нь ойртуулж, хувьчлалыг эхлүүлнэ
10 сарын 30, 2024
ХУВААЛЦАХ
  • Арваннэгдүгээр сарын нэгэнд Эрчим хүчний зохицуулах хороо хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу үнэ, тариф нэмэх асуудалд мэдээлэл хийнэ.
  • Шинээр үйлдвэр, метро барих гэхээр эрчим хүчний чадлын дутагдалд орчихоод байна.
  • Эрчим хүчний салбар дахь төрийн өмчит компаниудыг хувьчлах замаар гадны хөрөнгө оруулалтыг татах асуудлыг судалж байна.

Олны анхаарлын төвд байгаа эрчим хүчний үнэ тарифын өөрчлөлт, арваннэгдүгээр сараас эхлүүлэх салбарын реформын хүрээнд ямар арга хэмжээ авах гэж байгаа талаар өнөөдөр салбарын сайд болон Эрчим хүчний үндэсний хорооноос мэдээлэл хийлээ. 

УИХ-ын гишүүн, Шадар сайд, Эрчим хүчний үндэсний хорооны дарга Т.Доржханд:

Монгол Улс эрчим хүчний хэрэглээнийхээ 22-23 хувийг хоёр хөршөөсөө импортолдог. Үйлдвэр, метро барих гэхээр эрчим хүч байхгүй байгаа. Тиймээс бид дунд шатандаа эрчим хүчийг 100 хувь дотоодоосоо хангах, шаардлагатай үед хоёр хөршөөсөө авах байдлаар зорилт тавин ажиллаж байна. Харин богино хугацаандаа үнэ тарифыг нэмэх ажил хийнэ. Ингэхдээ ААН-үүд болоод иргэдэд дарамтгүй байхаар зохицуулалт хийнэ. Эрчим хүчний салбарт цогц шилжилт хийнэ. Эрчим хүчний реформ хийх асуудлыг Засгийн газрын түвшинд хэлэлцэн өнөөдрийн байдлаар УИХ-ын 100 гаруй гишүүн дэмжсэн байна. Өнөөдрөөс эрчим хүчний цогц шилжилт хийх ажлыг албан ёсоор эхлүүлж байна. Арваннэгдүгээр сарын 1-нд Эрчим хүчний зохицуулах хороо хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу үнэ, тариф нэмэх асуудалд мэдээлэл хийх байх. Үүн дээр бид хэд, хэдэн боломжит хувилбаруудыг санал болгосон. Цахилгааны үнэ нэмэгдвэл бүх юмны үнэ дагаад өснө гэж ярьж байна. Гэхдээ реформ амжилттай хэрэгжвэл эргээд цахилгааны үнэ буурна.

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний үндэсний хорооны дэд дарга М.Энхцэцэг:

Эрчим хүчний хууль 2001 онд батлагдсан. Дөрвөн зорилготой байсан. Нэгт, бүтцийн өөрчлөлт хийж, босоо бүтэцтэй байсан салбарыг хэвтээ болгож, дамжуулагч түгээгч зэрэг олон компанитай болгосон. Хоёрт, Эрчим хүчний зохицуулах хороо байгуулж, үнийг хараат бусаар тогтоодог болсон. Гуравт, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх зорилт тавьсан ч үүнийгээ хийж чадаагүй. Дөрөвт, өрсөлдөөн бий болгоно гэсэн ч мөн чадаагүй. Сүүлийн хоёр зорилгоо амжуулж чадалгүй 24 жил болсон байна. Хуулийг шинэчилснээр өрсөлдөөнийг нэмэгдүүлж, хувийн хэвшлийн оролцоог сайжруулах болон "ногоон шилжилт"-ийн концепцийг тусгах зорилготой байна. Мөн цахилгаан станцуудын удирдлага төрөөс томилогддог байдлыг засна. 

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн:

Сүүлийн жилүүдэд эрчим хүчний салбарт хосолсон хоёр том асуудал байна. Манай улс нэг хүнд ногдох эрчим хүчний хэрэглээ хоёр хөрштэй харьцуулахад дөрөв дахин бага байна. Ойрын 5-10 жилийн хугацаанд хэрэглээний чадал улам өсөхөөр байгаа. Эрчим хүчний зардал 357 тэрбум төгрөг, 2024 онд 270 орчим тэрбум төгрөг, Эрчим хүчний уурхайн алдагдал 80 тэрбум төгрөг байна. Урт хугацааны алдагдал нэг их наяд 800 тэрбум төгрөг байхаар байна. Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд хамтарсан Засгийн газраас байгуулагдсан Эрчим хүчний Үндэсний хороо реформыг хийхээр ажиллаж байна. Үнэ тарифын тухайд одоо зөвхөн өртөгт ойртуулах байдлаар л ажиллаж байна. Дараа нь төрийн өмчит компаниудыг хувьчлах асуудал ярина. Тэгэхгүй бол одоо манай салбар орлогогүй учраас хэн ч сонирхож хөрөнгө оруулахгүй байна.  

 

mobile-logo