- Манай хоёр улсын хооронд 1992 онд дипломат харилцаа тогтоосноос хойш дээд түвшинд хэрэгжих гэж буй анхны төрийн айлчлал юм.
- Туркменистан Улс нь байгалийн хий, газрын тосны арвин их нөөцтэй, дэлхийд хөвөнгийн тариалалтаараа эхний дөрөвт ордог.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедовын урилгаар 2024 оны аравдугаар сарын 10-13-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ. Манай хоёр улсын хооронд 1992 онд дипломат харилцаа тогтоосноос хойш дээд түвшинд хэрэгжих гэж буй анхны төрийн айлчлал юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедовтай албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна.
Туркменистан улсын эдийн засаг 47.55 тэрбум америк доллартай тэнцэх ДНБ бүтээснээр (дэлхийд 97-р байр), нэг хүнд ногдох ДНБ нь 8500 ам.доллар аж.
Туркмен орон шатдаг хий, газрын тосны арвин их нөөцтэй. Байгалийн хийн нөөцөөр дэлхийд дөрөвдүгээрт, Галкынышын шатдаг хийн орд дэлхийд хоёрдугаарт ордог. Мөн дотоодын хэрэгцээнээсээ хэтэрсэн эрчим хүч үйлдвэрлэн экспортолдог. Сүүлийн жилүүдэд аялал жуулчлал эрчимтэй хөгжиж байгаа.
Нутгийн тариаланд тохирох талбайн тал хувьд хөвөн тариалдаг. Хөвөн тариалалтаараа дэлхийд есдүгээр байрт жагсах хөвөнгийн гол экспортлогч орон.
Харин Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов нь ХАА-н инженер мэргэжилтэй. Тэрбээр 41 насандаа буюу 2022 оны гуравдугаар сард ерөнхийлөгчөөр сонгогдсон. Туркменистан улсын 2 дахь ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедовын ганц хүү юм байна.