bnr-0
Технологийн компаниуд ба тарифын дарамтын нөлөө
04 сарын 22, 2025
ХУВААЛЦАХ
  • Ерөнхийлөгч Трампын байнга өөрчлөгдөж буй тарифын шийдвэрүүд эдгээр компанид ихээхэн тодорхойгүй байдал үүсгээд байна.
  • “Apple” орлогынхоо 70 гаруй хувийг Азид үйлдвэрлэсэн төхөөрөмжөөс олдог тул тарифын дарамтад хамгийн их өртөх магадлалтай.
  • “Tesla” автомашиныхаа сэлбэгийг голчлон Хятад, Мексикээс авдаг бөгөөд тариф нэмэгдсэнтэй холбоотойгоор зардал өсөж, нийлүүлэлт буурчээ.
Технологийн салбарынхны хувьд хамгийн их анхаарал татаж буй асуудал бол тарифын тогтворгүй бодлого болоод байна.

Технологийн салбарынхны хувьд хамгийн их анхаарал татаж буй асуудал бол тарифын тогтворгүй бодлого болоод байна. “Tesla”, “Alphabet”, “Meta”, “Microsoft”, “Amazon”, “Apple”, “Nvidia” зэрэг томоохон технологийн компаниуд ойрын өдрүүдэд орлогын тайлангаа танилцуулах гэж байгаа ч АНУ-ын Ерөнхийлөгч Трампын байнга өөрчлөгдөж буй тарифын шийдвэрүүд эдгээр компанид ихээхэн тодорхойгүй байдал үүсгээд байна. Гадаад улсаас түүхий эд, тоног төхөөрөмжөө импортолдог бизнесүүдийн хувьд өндөр татвар нь зардал нэмэгдэх, үйл ажиллагаа хүндрэх гол шалтгаан болоод буй.

“Tesla” автомашиныхаа сэлбэгийг голчлон Хятад, Мексикээс авдаг бөгөөд тариф нэмэгдсэнтэй холбоотойгоор зардал өсөж, нийлүүлэлт буураад байна. Үүнтэй холбогдуулан Илон Маск тарифын бодлогыг ил тод шүүмжилж буй. 

“Alphabet” ч мөн сурталчилгааны орлого буурч, үүлэн технологийн тоног төхөөрөмжийн өндөр өртгөөс шалтгаалан эрсдэлтэй байдалд орж болзошгүй байна. Зарим зар сурталчилгааны гол түншүүд нь хэдийнэ зардлаа танаж эхэлжээ.

“Meta”-ийн хувьд Хятадын зар сурталчилгааны гол түншүүд болох “Temu”, “Shein” зардлаа багасгавал орлого буурах эрсдэлд орж болзошгүй бөгөөд компанийн зүгээс хиймэл оюунд хамаарах дата төвийн зардалд их хэмжээний хөрөнгө зарцуулахаар төлөвлөж байна.

“Microsoft” голчлон програм хангамжаас орлого олдог ч, хиймэл оюуны чадвартай дата төв байгуулахад зориулж 80 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаа мэдэгдсэн. Иймээс хөрөнгө оруулагчид хэрэглэгчид хэмнэлтийн үүднээс үйлчилгээний зардлаа бууруулах эсэхийг анхааралтай ажиглаж байна.

“Amazon”-ийн бүтээгдэхүүний ихэнхийг гуравдагч тал борлуулдаг бөгөөд тэдний олонх Хятадаас бараагаа авдаг. Шинэ тарифын дараа “Amazon” зарим захиалгаа цуцалж, зарим худалдагч бүтээгдэхүүний үнээ нэмэх талаар хэлэлцэж эхэлсэн. Тус компани сурталчилгааны орлого болон дата төв, чип зэрэг техник хангамжид ногдох нэмэлт тарифын дарамтад өртөх магадлалтай.

“Apple”-ийн хувьд орлогынхоо 70 гаруй хувийг Азид үйлдвэрлэсэн төхөөрөмжөөс олдог. Хэдийгээр АНУ Хятадын компьютерын тарифыг түр зогсоосон ч энэ шийдвэрийн тогтвортой байдал тодорхойгүй хэвээр байна. Иймээс “Apple” Энэтхэг, Вьетнам зэрэг оронд үйлдвэрлэлээ өргөтгөж эхэлжээ.

“Nvidia”-ийн хувьд хиймэл оюуны гол GPU чип үйлдвэрлэгч хэдий ч эдгээрийг агуулсан серверүүд нь өндөр үнэтэй байдаг тул тарифын багахан өсөлт ч зардалд томоохон дарамт үүсгэж буй. Тус компани АНУ-д үйлдвэрлэлээ өргөжүүлж, Техаст суперкомпьютер угсрах болсноо зарласан ч, олон чухал эд анги тарифын хөнгөлөлтөд хамрагдах эсэх нь тодорхойгүй байна. Үүн дээр нэмээд Хятадад чиглэсэн экспортын хязгаарлалтаас болж Nvidia 5.5 тэрбум ам.долларын алдагдал хүлээж болзошгүйг мэдэгдээд буй.

Ийнхүү технологийн салбарын гол тоглогчид тарифын дарамт, зардлын өсөлт, тодорхойгүй байдал зэрэг олон сорилттой тулгарч байгаа нь зах зээлийн тогтворгүй байдал болон хөрөнгө оруулагчдын болгоомжлолыг улам нэмэгдүүлж байна.   

mobile-logo