- АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын мэдэгдсэнээр, Энэтхэг улс Америкийн бараанд ногдуулдаг бүх гаалийн татвараа тэглэх санал тавьсан байна.
- Түүнчлэн Трамп Apple компанийн гүйцэтгэх захирал Тим Күүктэй ярилцахдаа түүнийг Энэтхэгт үйлдвэрлэлээ тэлэхгүй байхыг хүссэн байна.
- АНУ нь Энэтхэгийн худалдааны хамгийн том түншүүдийн нэг бөгөөд хоёр талын худалдааны нийт эргэлтийн хэмжээ 190 тэрбум ам.долларт хүрдэг байв.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын мэдэгдсэнээр, Энэтхэг улс Америкийн бараанд ногдуулдаг бүх гаалийн татвараа тэглэх санал тавьсан байна. Трамп Катарын Доха хотод болсон бизнес эрхлэгчдийн уулзалтын үеэр хэлэхдээ "Тэд бидэнд үндсэндээ ямар ч гаалийн татвар ногдуулахгүй гэсэн хэлэлцээр санал болгосон" хэмээн мэдэгджээ.
Харин Энэтхэгийн тал Ерөнхийлөгч Трампын мэдэгдэлд албан ёсны тайлбар өгөөгүй байна.
Түүнчлэн Трамп Apple компанийн гүйцэтгэх захирал Тим Күүктэй ярилцахдаа түүнийг Энэтхэгт үйлдвэрлэлээ тэлэхгүй байхыг хүссэн байна. Apple компани энэ сарын эхээр ихэнх iPhone утасны үйлдвэрлэлийг Хятадаас Энэтхэг рүү шилжүүлж, харин iPad, Apple Watch зэрэг бүтээгдэхүүнүүдийг Вьетнамд үйлдвэрлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн юм.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард Трамп Энэтхэгээс импортолдог бараанд 27 хувийн гаалийн татвар ногдуулсан. Үүний дараа Энэтхэгийн тал худалдааны хэлэлцээг яаравчлуулж, тохиролцоонд хүрэхээр хичээж байна. АНУ нь Энэтхэгийн худалдааны хамгийн том түншүүдийн нэг бөгөөд хоёр талын худалдааны нийт эргэлтийн хэмжээ 190 тэрбум ам.долларт хүрдэг байв.