
ХААН Банк 2025 онд өдөрт дунджаар 5500 орчим мод тарьж, жилийн дүнгээр 1 сая мод тарих зорилт дэвшүүлэн, үүнийхээ хүрээнд ойжуулалтын ажилд мэргэжлийн долоон байгууллагатай хамтран ажиллахаар гэрээ байгууллаа. Энэхүү хамтын ажиллагааг албан ёсоор эхлүүлж, талууд өнөөдөр гарын үсэг зурсан байна.
Мод тарих ажил Төв аймгийн Батсүмбэр сумын 400 га, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 100 га талбайд хэрэгжих бөгөөд нийт 500 га газрыг хамрах ажээ. Уг төсөл нь зөвхөн тарих ажлаар хязгаарлагдахгүй бөгөөд тарьсан моддыг гурван жилийн хугацаанд мэргэжлийн байгууллагууд арчилж, нөхөн сэргээлтийн үр дүнг баталгаажуулах юм.
Хамтрагч байгууллагуудын дунд ойжуулалт, мод үржүүлгийн чиглэлээр дагнасан мэргэшсэн компаниуд багтжээ. Эдгээр компаниудын оролцоо нь ойжуулалтын ажлыг мэргэжлийн түвшинд тогтвортой гүйцэтгэх үндэс суурийг тавьж байна.
“ХААН Банкны ой” хөтөлбөр анх 2007 онд эхэлж, өнөөдрийг хүртэл 17 жилийн турш хэрэгжиж буй үндэсний хэмжээний байгаль орчны санаачилга юм. Өнгөрсөн хугацаанд нийт хагас сая орчим мод тарьсан бол хамгийн сүүлийн жишээ нь Улаанбаатар хотын ундны усны гол эх үүсвэр болох Сэлбэ голын эх, Их баяны аманд 40 га газрыг ойжуулжээ.
ХААН Банкны гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа энэхүү түүхэн зорилгын талаар байр сууриа илэрхийлэхдээ, “Монгол Улс 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 22.7 хувиар бууруулах зорилт тавьсан. Энэ хүрээнд Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд бид энэхүү зорилгыг дэмжиж, идэвхтэй оролцсоор ирсэн. Энэ онд 1 сая мод тарихаар төлөвлөж, ирэх таван жилд 5 сая мод тарих урт хугацааны зорилт тавиад байна” гэж онцоллоо.
Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтол эрчимтэй нэмэгдэж буй энэ цаг үед хувийн хэвшлийн тэргүүлэх банкууд ийнхүү бодит, үр дүнтэй экологийн санаачилга хэрэгжүүлж буй нь өндөр ач холбогдолтой гэж мэргэжилтнүүд онцолж байна. ХААН Банкны энэ удаагийн ойжуулалтын хөтөлбөр нь зөвхөн мод тарих бус, тогтвортой арчилгаа, нөхөн сэргээлтийн төлөвлөлтөөр онцлог бөгөөд банкны нийгмийн хариуцлагын шинэ шатны жишиг болж байна.