bnr-0
Хөрөнгийн зах зээлийн өсөлтийн хурд саарав
05 сарын 27, 2025
ХУВААЛЦАХ
Зарим хөрөнгө оруулагч үүнийг Засгийн газрын бондын "аюулгүй хөрөнгө оруулалт" гэх ойлголт эргэлзээтэй болж, уламжлалт хувьцаа-бондын тэнцвэртэй хөрөнгө оруулалтын арга барил үр нөлөөгөө алдаж магадгүй дохио гэж үзэж байна.

Дөрөвдүгээр сарын эхэн үеэс хойш 23 хувиар өсөөд байсан АНУ-ын хөрөнгийн зах зээл өнгөрсөн долоо хоногт богино хугацаанд ухралт хийж, өсөлтийн хурдаа саарууллаа. “Moody’s” агентлаг АНУ-ын зээлжих зэрэглэлийн үнэлгээг бууруулсан, Засгийн газрын бондын өгөөж огцом өссөн, Ерөнхийлөгч Трамп Европын холбоо болон “Apple”-д чиглэсэн шинэ тарифын аюул тулгасан зэрэг үйл явдал хөрөнгө оруулагчдын болгоомжлолыг нэмэгдүүлжээ.

S&P 500 индекс ойролцоогоор 3 хувиар буурсан нь шинжээчдийн таамагтай нийцэж байгаа бөгөөд энэ төрлийн богино ухралт зах зээлийн “хэт халалт”-ыг тайвшруулах энгийн хөдөлгөөн гэж үздэг. Түүхэн жишгээс харахад зах зээл томоохон уналтын дараа өмнөх дээд түвшиндээ ойртож чадвал, зургаан сарын дотор шинэ дээд түвшинд хүрэх хандлагатай байдаг байна.

Гэсэн хэдий ч тодорхойгүй байдал зах зээлд байсаар буй. Хөрөнгө оруулагчдын сүүлийн өсөлтөд итгэх гол шалтгаан нь тарифын дарамт буурах хүлээлт, инфляцын тогтворжилт, мөн Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ түр хугацаанд нэмэхгүй байх хандлагатай холбоотой байсан. Хэрэв зах зээлд дахин эерэг мэдээлэл гарч ирэхгүй бол өсөлт дахин үргэлжлэхэд хүндрэлтэй болж магадгүй хэмээн шинжээчид анхааруулж байна.

Мэргэжлийн хөрөнгө оруулагчид илүү их эрсдэл хүлээн хувьцаа худалдан авч эхэлсэн ч, нийт эрэлт харьцангуй суларсан үзүүлэлттэй байна. S&P 500 индексийн хувьцаанууд ирээдүйн ашгийнхаа 21 дахин өндөр үнээр арилжаалагдаж байгаа нь түүхэн дунджаас өндөр бөгөөд одоогийн үнэлгээ “хямд” түвшинд хүрээгүйг харуулж байна.

Нөгөө талаас, АНУ-ын Засгийн газрын 30 жилийн хугацаатай бондын өгөөж 5 хувиас давж, улсын өрийн түвшинтэй холбоотой болгоомжлолыг дахин өдөөсөн. Ийм өндөр өгөөж өмнө нь 1990-ээд оны сүүлч, 2000-аад оны эхэн үед ажиглагдаж байсан ч өнөөдрийн хувьд нийт өрийн хэмжээ нэмэгдсэн учраас эдийн засаг ийм хүүгийн орчинд дасан зохицох шаардлагатай болж байна.

Зарим хөрөнгө оруулагч үүнийг Засгийн газрын бондын "аюулгүй хөрөнгө оруулалт" гэх ойлголт эргэлзээтэй болж, уламжлалт хувьцаа-бондын тэнцвэртэй хөрөнгө оруулалтын арга барил үр нөлөөгөө алдаж магадгүй дохио гэж үзэж байна. Гэсэн ч урт хугацааны өгөөжийг харгалзан үзвэл зах зээлээс бүрэн гарч, хөндийрөх шалтгаан биш. Харин бодит хүлээлттэйгээр оролцсоор байх нь хамгийн зөв алхам хэвээр гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Өнгөрсөн долоо хоногт S&P 500 индекс 5,800 нэгжийн түвшинд хаагдсан нь Хятадын тарифын хөнгөлөлтийн дараа түр өсөлт үзүүлсэн түвшинтэй тэнцүү байв. Бодлогын тодорхойгүй байдал нэмэгдэж байгаа ч компаниудын ашиг, орлогын өсөлт, хиймэл оюуны салбар дахь хөрөнгө оруулалтын идэвх зэрэг хүчин зүйлс зах зээлийг дэмжсээр байна. Иймээс энэ удаагийн уналт нь хямрал бус, харин энгийн, богино хугацааны зах зээлийн хэлбэлзэл гэж үзэх нь зүйтэй хэмээн шинжээчид онцолжээ.   

mobile-logo