- 2025 оны “Skytrax World Airport Awards”-ын тэргүүн байрт Сингапурын Чанги олон улсын нисэх буудал шалгарч, дэлхийн шилдэг нисэх буудлаар дахин нэрлэгдлээ.
- Түүнчлэн эхний тавд мөн Токиогийн Нарита болон Сөүлийн Инчеоны буудал багтсан нь Азийн нисэх онгоцны буудлууд дэлхийд өрсөлдөхүйц өндөр түвшинд байгааг илтгэсэн үзүүлэлт болов.
- "Skytrax" энэ жилээс анх удаа “Шилдэг ариун цэврийн өрөөтэй буудал” гэсэн ангиллыг шинээр нэвтрүүлсэн бөгөөд зорчигчдын тав тух, сэтгэл ханамжид чухал байр суурь эзлэх хүчин зүйл гэдгийг онцолсон байна.

2025 оны “Skytrax World Airport Awards”-ын тэргүүн байрт Сингапурын Чанги олон улсын нисэх буудал шалгарч, дэлхийн шилдэг нисэх буудлаар дахин нэрлэгдлээ. Шагнал гардуулах ёслол энэ жил Испанийн Мадрид хотноо зохион байгуулагдсан бөгөөд уг шагналыг Чанги нийтдээ 13 дахь удаагаа хүртэж буй нь энэ юм.
Өнгөрсөн жил тэргүүн байрт эрэмбэлэгдсэн Катарын Хамад олон улсын нисэх буудал энэ удаад хоёрдугаарт орсон бол Японы Ханеда гуравдугаар байрт эрэмбэлэгджээ. Түүнчлэн эхний тавд мөн Токиогийн Нарита болон Сөүлийн Инчеоны буудал багтсан нь Азийн нисэх онгоцны буудлууд дэлхийд өрсөлдөхүйц өндөр түвшинд байгааг илтгэсэн үзүүлэлт болов.
Чанги зөвхөн шилдэг нисэх буудлын шагнал аваад зогсохгүй, “Дэлхийн шилдэг хоолны үйлчилгээтэй буудал”, “Шилдэг ариун цэврийн өрөөтэй буудал”, “Азийн шилдэг нисэх буудал” зэрэг олон ангилалд тэргүүлжээ. "Skytrax" энэ жилээс анх удаа “Шилдэг ариун цэврийн өрөөтэй буудал” гэсэн ангиллыг шинээр нэвтрүүлсэн бөгөөд зорчигчдын тав тух, сэтгэл ханамжид чухал байр суурь эзлэх хүчин зүйл гэдгийг онцолсон байна.
Уг жагсаалтыг 2024 оны наймдугаар сараас 2025 оны хоёрдугаар сарын хооронд, 100 гаруй үндэстний зорчигчдоос авсан санал асуулгад үндэслэн гаргажээ. Нийт 575 гаруй буудлыг хамруулсан уг үнэлгээ нь зорчигчийн сэтгэл ханамж, үйлчилгээний чанар, бүртгэл, дамжин нислэгийн зохион байгуулалт, аюулгүй байдал, ариун цэврийн өрөөний цэвэрлэгээ, ажилтнуудын харилцаа зэрэг олон үзүүлэлтээр хэмжин үнэлсэн байна.