- Одоогоор АНУ-д импортоор орж ирэх алмаазанд 10 хувийн үндсэн гаалийн татвар ногдуулж байгаа бөгөөд энэ нь өнгөлсөн алмаазны дэлхийн нийт эрэлтийн талаас илүүг эзэлдэг АНУ-ын зах зээлд шууд нөлөөлж байна.
- Олон шат дамжлага бүхий нийлүүлэлтийн сүлжээтэй учраас худалдааны аливаа хүндрэлд өртөмтгий байдаг.
- Алмаазны салбарын томоохон тоглогч болох De Beers лабораторийн алмаазны зах зээлд хөрөнгө оруулахын оронд байгалийн алмаазанд төвлөрөх шийдвэр гаргажээ.

Дэлхийн хамгийн хатуу материал болох алмааз нь өндөр ханш болон урт, олон шат дамжлагтай нийлүүлэлтийн сүлжээтэй тул АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тогтоогоод буй өндөр тариф дарамт болж байна.
Одоогоор АНУ-д импортоор орж ирэх алмаазанд 10 хувийн үндсэн гаалийн татвар ногдуулж байгаа бөгөөд энэ нь өнгөлсөн алмаазны дэлхийн нийт эрэлтийн талаас илүүг эзэлдэг АНУ-ын зах зээлд шууд нөлөөлж байна. Хэрэв Трампын зарласан 90 хоногийн хугацаатай завсарлага дуусч, худалдааны шинэ хэлэлцээр хийгдэхгүй бол нэмэлт татварууд ч тавигдах боломжтой аж.
Алмааз нь дэлгүүрийн тавиурт хүрэхээс өмнө олон улсын хилээр дамжин өнгөрдөг урт замтай. Ботсвана эсвэл Өмнөд Африкаас олборлогдсон түүхий алмааз нь Дубай, Антверпен зэрэг олон улсын худалдааны төвүүдээр дамжин өнгөлгдөж, зүсэгдэн, эцэстээ үнэт эдлэлийн үйлдвэрлэгч рүү хүрдэг. Ийм олон шат дамжлага бүхий нийлүүлэлтийн сүлжээтэй учраас худалдааны аливаа хүндрэлд өртөмтгий байдаг.
Түүхий эд болох алт, зэс зэрэг бүтээгдэхүүн АНУ-ын гаалийн татварын жагсаалтаас хасагдсан бол, алмаазыг мөн адил татварын хөнгөлөлтөд хамруулахын төлөө салбарынхан хичээн ажиллаж байна.
“Зүсээгүй алмааз бол үнэт эдлэл болохоос өмнөх түүхий эд гэж ойлгож болно. Хүн ганцхан алмаазыг гартаа бариад явдаггүй, харин бөгж, ээмэг зэрэг үнэт эдлэлд хэрэглэгддэг” хэмээн Бельгийн Антверпен хотын Алмаазны дэлхийн төвийн гүйцэтгэх захирал Карен Рентмеестерс CNBC-д ярьжээ.
Салбарт сүүлийн жилүүдэд хамгийн их нөлөө үзүүлж буй хүчин зүйл бол лабораторид ургуулсан алмааз (LGD) юм. Эдгээр нь химийн хувьд байгалийн алмаазтай ижил бөгөөд нүдээр харахад ялгагдах боломжгүй. Харин үнэ нь 80 хүртэлх хувиар хямд тул хэрэглэгчид тэднийг илүүтэй сонгож байна.
2025 оны "Real Weddings" судалгаагаар, АНУ-д судалгаанд оролцсон хосуудын 50 гаруй хувь нь сүйт бүсгүйн бөгжиндөө лабораторийн алмааз ашигласан гэжээ. Салбарын хувьд онцлох үйл явдал бол 2021 онд үнэт эдлэлийн дэлхийн хамгийн том брэнд болох Pandora олборлосон алмаазнаас бүрэн татгалзсан юм.
Алмаазны салбарын томоохон тоглогч болох De Beers лабораторийн алмаазны зах зээлд хөрөнгө оруулахын оронд байгалийн алмаазанд төвлөрөх шийдвэр гаргажээ. Тус компани лабораторид ургуулсан алмаазны брэнд болох Lightbox-ийг хаахаар болсон тухай мэдэгдсэн бөгөөд энэ нь байгалийн алмаазны үнэ цэнийг хадгалах стратегийн нэг хэсэг гэж тайлбарлаж байна.
Тансаг хэрэглээний зах зээл суларч буй энэ үед үнэт эдлэлийн салбар, тэр дундаа өндөр зэрэглэлийн үнэт эдлэл тогтвортой өсөлттэй байгаа нь онцлог.
Жишээлбэл, энэ сард Richemont групп Cartier, Van Cleef & Arpels, Buccellati зэрэг брэндүүдийн орлого хоёр оронтой өсөлттэй гарсан нь үүнийг баталж байна.
“Алмааз бол сэтгэл хөдлөлийн худалдан авалт. Практик талаасаа биш. Хүмүүс бүтээгдэхүүний ард байгаа түүх, үнэ цэнэтэй холбоосыг мэдэрч худалдан авдаг. Тиймээс байгалийн алмаазанд өндөр үнэ төлөхийг хүсэж буй хэрэглэгчдэд зориулж итгэл төрүүлэхүйц баталгаа өгөх нь салбарын гол зорилт байх ёстой” хэмээн шинжээч Пол Зимниски хэллээ.