bnr-0
Нүүрс экспортыг 160 сая тоннд хүргэнэ
02 сарын 13, 2025
ХУВААЛЦАХ
  • Өнгөрсөн жилийн өдийд БНХАУ манай улсаас импортоор авч байгаа нүүрсийг тонн тутмыг нь $110-120- оор авч байсан. Харин өнөөдөр энэ ханш $75-80 болтлоо унаад байна.
  • Иймд манай улс нүүрсний экспортоос орж ирэх мөнгөн урсгалыг зэсийн ханшийн өсөлт, борлуулалтаас орж ирэх өндөр дүнгээр тэнцвэржүүлнэ гэсэн хувилбартай ажиллаж байна.
  • Ерөнхий сайдын БНХАУ-д хийх айлчлалын үеэр нүүрс худалдах, худалдан авах гэрээ, уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх, төмөр замын бүтээн байгуулалт гээд асуудлыг цогц байдлаар шийднэ гэж төлөвлөжээ.
  • Хөгжлийн хэт ялгаатай байдал нь нүүрсийг тийм ч хурдан хэрэглээнээс гаргачихгүй байх гэсэн таамаглал дэвшүүлж, эрэлт байгаа үед нь ахиу экспортлох бодлогыг тактикаа болгоод байна.
2030 онд жилдээ 160 сая тонн нүүрс экспортод гаргадаг болох зорилт тавиад байна.

Манай улсын энэ жилийн төсвийн орлого талд санаа зовоож байгаа асуудал бол нүүрсний борлуулалт, түүнээс орж ирэх орлого буурах вий гэсэн болгоомжлол өндөр байна.

Учир нь өнгөрсөн жил өдийд БНХАУ  манай улсаас импортоор авч байгаа нүүрсийг тонн тутмыг нь $110-120- оор авч байсан. Харин өнөөдөр энэ ханш $75-80 болж буураад байна.

Өөрөөр хэлбэл, экспортын гол түүхий эдийн орлого буурах нь эргээд улсын төсөв энэ жил 2023 болон 2024 он шиг байхгүй гэдэг  сэрэмжийг өгч байна. 

2024 онд 83.7 сая тонныг гаргасан бол энэ жил хэмжээг ахиулж 120 сая тонн болгож өсгөсөн.

Дараагийн  нэг болгоомжлол, АНУ-ын тарифын дарамт БНХАУ-ын эдийн засагт эргээд яаж нөлөөлөх вэ?

Угаасаа Хятадын үл хөдлөх хөрөнгийн зах зээл зогсонги байдалд орж, арматур төмөр, гангийн борлуулалт удаашралтай байна. Үүн дээр нэмээд Цагаан ордны ган болон хөнгөн цагааны экспортод бүх улсад үйлчлэх 25 хувийн тариф  нэрмээс болох эрсдэлтэйг мартаж болохгүй. 

Иймд манай улс нүүрсний экспортоос орж ирэх мөнгөн урсгалыг зэсийн борлуулалтын өндөр дүнгээр бүрдүүлнэ гэсэн хувилбартай ажиллаж байна. Учир нь хиймэл оюун ухаан, технологийн дэвшилд суурилсан үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүчний салбарын тэлэлт нь зэсийн хэрэглээг өсгөж, ханш нь тогтвортой өндөр байна хэмээн таамаглаж байна.

Нөгөө талдаа төмөр замаа яаран ашиглалтад оруулснаар  өртгийг нь бууруулах нүүрсний өөрийнх нь өрсөлдөх чадварыг өсгөнө гэж тооцоолсон.  

Засгийн газрын шийдэл:

"Гашуунсухайт-Ганцмодны боомтын төмөр замын хил холболтын асуудлаар буюу Засгийн газар хоорондын хэлэлцээр хоёр улсын Ерөнхий сайдын уулзалтын үеэр эцэслэгдэнэ. Хоёр улсын ажлын хэсгийн 60 гаруй хуралдааны дүнд шийдвэрлэгдсэн асуудлыг протокол байдлаар зэрэг гарын үсэг эрхийг олголоо. 

Энэ үйл явцын дараа Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу Засгийн газар хоорондын хэлэлцээрийг УИХ-аар соёрхон батална. Ингэснээр компани хоорондын гэрээнүүд хийгдэх дараалалтай. 

Мөн нүүрс худалдах, худалдан авах гэрээ, уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх, төмөр замын бүтээн байгуулалт зэрэг багтана. Гарын үсэг зурмагц эдгээр ажлууд зэрэг хэрэгжинэ. 

БНХАУ-ын компаниудад таатай нөхцөл олгох нь гэдэг шүүмжлэл гарч байгаа. Гэрээндээ харилцан ашигтай байдлаар хамтран ажиллах өөрчлөлтүүдийг тусгасан"гэж Эрдэс баялгийн сайд онцолсныг энд эш татъя. 

Одоогийн нөхцөл байдал:

“Эрдэнэс Тавантолгой” ХК дээд хүчин чадлаараа буюу жилийн 30 гаруй сая тонн нүүрс олборлон экспортод гаргаж байна. 2030 оноос жилийн экспортыг 160 сая тонноос дээш гаргах зорилготой. Зайлшгүй шинэ орд нээж байж, нэмэлт олборлолт хийх шаардлагатай гэсэн зорилт тависан. 

Таамаглал:

Дэлхий нийт хэчнээн хүлэмжийн хий, агаар орчны бохирдол гэж муулсан ч ирэх тав, арван жилдээ яаран нүүрснээс татгалзаж чадахгүй бололтой. Угаасаа байгалийн нөөц арвин их. Ашиглагдах хугацаа нь 100 жилээр хэмжигдэхээр тооцоо гарсан. Мөн дэлхийн улс орнуудад нүүрсний технологиос татгалзахаас өмнө төсөвт байгаа хөрөнгөөрөө шийдвэрлэх олон асуудал байгаа тул бэлэн байгаа нөөцөө ашиглах сонголтыг хийх болов уу... Хөгжлийн хэт ялгаатай байдал нь нүүрсийг тийм ч хурдан хэрэглээнээс гаргачихгүй байх гэсэн таамаглал дэвшүүлж, эрэлт байгаа үед нь ахиу экспортлох бодлогыг тактикаа болгох нь төсөв талдаа ашигтай.   

 

 

mobile-logo