- 2025 оны хоёрдугаар сард улсын инфляц 9.6 хувь, нийслэлд 10.3 хувьтай гарсан.
- Монголбанк гуравдугаар сард бодлогын хүүг 12 хувьд хүргэж өсгөв.
- Импортын бараа, төрийн үйлчилгээний үнэ өссөн нь инфляцын гол шалтгаан.

Монголбанкны шинэ тайланд дурдсанаар 2025 онд инфляц өндөр түвшинд хадгалагдаж, Төв банкны зорилтот интервалаас давж болзошгүй нөхцөл бүрдээд байна. Хоёрдугаар сарын байдлаар улсын хэмжээнд инфляц 9.6 хувьд, нийслэл Улаанбаатарт 10.3 хувьд хүрсэн нь хүлээлтээс давсан буюу сүүлийн жилүүдийн хамгийн өндөр үзүүлэлтүүдийн нэг болоод буй юм.
Төв банкны дүгнэснээр инфляцын өсөлтөд хамгийн их нөлөөлж буй хүчин зүйлсийн нэг нь импортын бараа бүтээгдэхүүний үнэ өссөн явдал юм. Үүн дээр нэмэгдэн төрөөс зохицуулдаг зарим үйлчилгээний үнэ огцом нэмэгдсэн нь инфляцын дарамтыг улам ихэсгэж байна. Тухайлбал цахилгаан, дулаан, ус сувгийн үйлчилгээний үнэ өссөн нь дотоод зардлыг нэмэгдүүлж, үнийн ерөнхий түвшинг хөөргөдөж буй ажээ.
Мөн их, дээд сургуулиудын төлбөр нэмэгдэх төлөвтэй байгаа нь ойрын хугацаанд инфляцын дарамтыг бууруулахад хүндрэл үүсгэж мэдэхээр байна. Үүний зэрэгцээ төгрөгийн ханш сулрах, гадаад орнуудын инфляц өндөр хэвээр байгаагаас шалтгаалан Монгол Улсын импортын зардал нэмэгдэж, инфляц зардлын шалтгаантайгаар нэмэгдэж буйг Монголбанк онцоллоо.
Ийм нөхцөлд Монголбанк 2025 оны нэгдүгээр сард зохион байгуулсан ээлжит бус хурлаараа бодлогын хүүг 10 хувьд хадгалахаар шийдвэрлэсэн бол гуравдугаар сард болсон ээлжит хурлаар хоёр нэгж хувиар нэмэгдүүлэн, 12 хувьд хүргэсэн байна. Энэ нь инфляцын эрэлт талаас үүссэн дарамтыг бууруулах, эдийн засгийн халалтыг хязгаарлах зорилготой алхам болохыг тус банк мэдэгдсэн юм.
Цаашид Монгол Улсын эдийн засгийг уул уурхай, хөдөө аж ахуйн салбарын сэргэлт, төсвийн тэлэлт болон томоохон бүтээн байгуулалтууд дэмжих төлөвтэй ч гадаад орчны тодорхой бус байдал хэвээр үргэлжилж байна. Тухайлбал, АНУ-ын худалдаа, тарифын бодлого, геополитикийн эрсдэл нь манай улсын экспорт, гадаад төлбөрийн тэнцэлд сөргөөр нөлөөлсөөр байна.
Монголбанк 2025 оны инфляц оны турш өндөр түвшинд хадгалагдаж, 2026 оноос зорилтот интервалд орж тогтворжих хандлагатай байгааг анхааруулж цаашдын мөнгөний бодлогыг энэ чиглэлд уялдуулан хэрэгжүүлэхээ илэрхийлжээ.