bnr-0
Зам талбайг зөвшөөрөлгүй сэтэлж, стандарт зөрчжээ
06 сарын 27, 2025
ХУВААЛЦАХ
  • “Дулааны шугамын 2А магистрал шугамын өргөтгөл шинэчлэлт” төслийн хүрээнд авто болон явган хүний замыг зөвшөөрөлгүй сэтэлж, нөхөн сэргээлтийг стандартын бус байдлаар хийсэн зөрчил илэрчээ.
  • Нийслэлийн холбогдох байгууллагууд хяналт тавин ажиллаж байна.
  • Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар, зөвхөн энэ төсөлд төдийгүй бусад ижил төстэй төслүүдэд ч зөрчил түгээмэл гарч байгааг онцолж байна.
Зам талбайг зөвшөөрөлгүй сэтэлж, стандарт зөрчжээ.

Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Дулааны шугамын 2А магистрал шугамын өргөтгөл шинэчлэлт” төслийн хүрээнд авто болон явган хүний замыг зөвшөөрөлгүй сэтэлж, нөхөн сэргээлтийг стандартын бус байдлаар хийсэн зөрчил илэрч, нийслэлийн холбогдох байгууллагууд хяналт тавин ажиллаж байна.

Тус төслийг Эрчим хүчний яамны Дулааны үр ашгийг нэмэгдүүлэх төслийн нэгж хариуцан хэрэгжүүлж байгаа бөгөөд гүйцэтгэгчээр “Рутан” ХХК ажиллаж байна. Төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэр, Драмын театраас Багшийн дээд хүртэлх дулааны шугамыг 2024–2025 онд өргөтгөн шинэчилж буй юм. 

Харин өнгөрсөн борооны дараа уг хэсгийн авто болон явган зам эвдэрсэн нь тус ажил зөвшөөрөлгүйгээр, Нийслэлийн Засаг даргын захирамжаар баталсан авто зам, тохижилт, ногоон байгууламжийг ашиглах, хамгаалах журмыг зөрчин гүйцэтгэсэнтэй холбоотой болохыг Нийслэлийн Замын хөгжлийн газрын (НЗХГ) мэргэжилтэн И.Зандангарав мэдэгдлээ.

Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар, зөвхөн энэ төсөлд төдийгүй бусад ижил төстэй төслүүдэд ч зөвшөөрөлгүйгээр зам талбай сэтлэх, нөхөн сэргээлтийн төлбөр төлөхгүй байх, стандартад нийцээгүй гүйцэтгэл хийх зөрчил түгээмэл гарч байгааг онцолж байна.  

mobile-logo