- Зах зээлийн уналт, бизнесийн томоохон удирдагчдын эсэргүүцэл Трампыг тарифын шийдвэрээ 90 хоногоор хойшлуулахад хүргэв.
- Сангийн сайд Скотт Бессент хэлэлцээ хийх орон зай байгааг онцолж, Дональд Трампыг ятгажээ.
- Үр дүнд нь Трамп шийдвэрээ нэн даруй өөрчилж, өөрийн зөн совинд найдан эдийн засгийн хямралаас зайлсхийхийг зорьжээ.

Дөнгөж хэрэгжиж эхэлсэн тарифын шинэ бодлогоо АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ердөө хэдхэн цагийн дотор эргүүлэн татсан нь улс төр, санхүүгийн дарамтад огцом хариу үзүүлсэн үйлдэл байв. Тэрбээр үндэсний хэмжээнд болон дэлхий нийтийн эсэргүүцлийг харгалзан үзэж, тарифын гол заалтуудыг 90 хоног хойшлуулахаар шийдээд байна.
Хөрөнгийн зах зээл сүүлийн долоо хоногт хүчтэй савлаж, эрсдэл нэмэгдсэн нь АНУ-ын Ерөнхийлөгчийн анхаарлыг шууд татжээ. “JPMorgan Chase” банкны гүйцэтгэх захирал Жейми Даймон болон бусад томоохон компанийн удирдлагууд эдийн засгийн уналтад санаа зовниж буйгаа ил, далд илэрхийлж, улс орны эдийн засагт онцгой анхаарал хандуулахыг өөрсдийн сувгаар дамжуулан Трампад уриалсан байна.
Трамп шийдвэрээ гаргахаас өмнө Сангийн сайд Скотт Бессенттэй Флоридад уулзсан бөгөөд Бессент 75 орчим орон тарифын асуудлаар хэлэлцээ хийхэд бэлэн байгааг онцлон “Энэ бол анхнаасаа Ерөнхийлөгчийн стратеги байсан” гэж хэлсэн байдаг. Тэр дунд Япон улс хамгийн түрүүнд нэрлэгдсэн бөгөөд одоогоор Вьетнам, Израиль зэрэг олон орон АНУ-тай хэлэлцээ эхлүүлэх санал тавиад байна.
Шийдвэр гаргах мөчид Трамп Цагаан ордны гол танхимд Сангийн сайд Скотт Бессент болон Худалдааны сайд Ховард Лутниктай нар хамт сууж байжээ. Ингээд удаан хугацаанд ярилцсаны эцэст Трамп олон нийтийн сүлжээнд өөрийн Truth Social платформоор дамжуулан тарифыг 90 хоног хойшлуулах шийдвэрээ зарласан байна. Ажиглагчдын үзэж буйгаар энэ нь Ерөнхийлөгч Трампын хувьд шинэ зүйл биш. Тэрбээр шийдвэр гаргаж, нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж, сөрөг хариу ирвэл эргэж буцдаг арга барилаараа алдартай нэгэн.
Цагаан ордны өндөр албан тушаалтан мэдэгдэхдээ, “Тарифын стратеги үргэлжлэх бөгөөд энэ нь үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн ашиг сонирхлыг хамгаалах үндсэн зорилготой” гэжээ. Гэхдээ бизнесийн салбарынхан илүү тодорхой бөгөөд бодитой буулт хүлээж байгаа юм.
Ийнхүү тарифын хатуу бодлого ганцхан өдрийн дотор эргэн татагдсан нь Трампын улс төрийн маневр, зах зээлд чиглэсэн мэдрэмж хэр гүнзгий байгааг харуулсан шинэ жишээ болон үлдлээ.