- Мягмар гарагт биткойн ойролцоогоор 5 хувиар өсөж, 91,500 ам.доллар орчимд арилжаалагдаж байна.
- Сүүлийн хоёр өдрийн дотор нийт 8 хувиар өсөөд байгаа бөгөөд энэ сарын хувьд нийт өсөлт нь 10 хувьд хүрчээ.
- Энэ сарын эхэнд биткойн хувьцааны зах зээлтэй зэрэгцэн савлаж байсан ч сүүлийн өдрүүдэд бие даасан чиглэлд орж, улам бэхжиж буй.

Биткойны ханш дахин 90,000 ам.долларыг давж, гуравдугаар сараас хойш анх удаа энэ түвшинд хүрлээ. Зах зээлд тодорхойгүй байдал нэмэгдэж, ам.долларын ханш суларч буй энэ үед хөрөнгө оруулагчид криптовалют руу хандаж эхэлсэн нь ханшийн өсөлтөд голлон нөлөөлсөн байна.
Мягмар гарагт биткойн ойролцоогоор 5 хувиар өсөж, 91,500 ам.доллар орчимд арилжаалагдаж байна. Сүүлийн хоёр өдрийн дотор нийт 8 хувиар өсөөд байгаа бөгөөд энэ сарын хувьд нийт өсөлт нь 10 хувьд хүрч, алтны 8 хувийн өсөлтийг давсан байна. Харин S&P 500 индекс болон ам.долларын ханш тус бүр 5 орчим хувиар буурчээ.
АНУ-ын хөрөнгийн зах зээл унаж, Ерөнхийлөгч Дональд Трамп Холбооны нөөцийн банкны тэргүүн Жером Пауэллд хандан бодлогын хүүгээ яаралтай бууруулах шаардлага тавьснаар хөрөнгө оруулагчдын дунд түгшүүр нэмэгдэж, биткойн руу чиглэх хандлага эрчимжжээ.
Мөн биткойнд суурилсан ETF-үүд энэ оны нэгдүгээр сараас хойших хамгийн өндөр өдрийн хөрөнгө оруулалтыг татаж, нийт 381 сая ам.долларын урсгал бүртгэгдсэн нь хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж байгааг харуулж байна.
Энэ сарын эхэнд биткойн хувьцааны зах зээлтэй зэрэгцэн савлаж байсан ч сүүлийн өдрүүдэд бие даасан чиглэлд орж, улам бэхжиж буй нь шинжээчдийн анхаарлыг татаж байна. Харьцангуй тогтвортой байдал нь хөрөнгө оруулагчдын хувьд эрсдэлийг сөрөх нэг сонголт болж буйг шинжээчид онцолжээ.