- Тэрбээр хөрөнгө оруулагчдад “Бусдыг айж байх үед зоригтой хөдөл. Бусад нь шунаж байгаа үед болгоомжтой бай” хэмээн зөвлөжээ.
- Хэрэв зорилго тань хэтийнх бол зах зээл түр хугацаанд унасан ч сайн компаниудын хувьцааг хямд үед нь авч, хөрөнгө оруулалтаа тууштай үргэлжлүүлэх нь ашигтай хэмээв.
- 2008 оны санхүүгийн хямралын үед ч Баффетт энэ зарчмаа баримталж, хувьцаанд хөрөнгө оруулсаар байсан нь хожим өндөр өгөөж авчирчээ.

Сүүлийн үед хөрөнгийн зах зээл ихээхэн савлагаатай байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Холбооны нөөцийн банк болон түүний тэргүүн Жером Пауэллийн бие даасан байдалд халдаж, огцруулах бодолтой байгаагаа удаа дараа илэрхийлснээр хөрөнгө оруулагчдын итгэл буурч, даваа гарагт S&P 500 индекс 2.4 хувиар унаад буй. Мягмар гарагт зах зээл бага зэрэг сэргэсэн ч нийт дүнгээрээ хоёрдугаар сараас хойш 14.5 хувийн уналттай хэвээр байна.
Тэгвэл ийм тодорхойгүй, савлагаатай үед домогт хөрөнгө оруулагч Уоррен Баффетт нэгэн энгийн зарчмыг баримталдаг. Тэрбээр хөрөнгө оруулагчдад “Бусдыг айж байх үед зоригтой хөдөл. Бусад нь шунаж байгаа үед болгоомжтой бай” хэмээн зөвлөдөг.
Баффеттын хувьд хөрөнгө оруулалт бол урт хугацааны тоглолт. Хэрэв таны зорилго хэтийнх бол зах зээл түр хугацаанд унасан ч сайн компаниудын хувьцааг хямд үед нь авч, хөрөнгө оруулалтаа тууштай үргэлжлүүлэх нь ашигтай хэмээв. 2008 оны санхүүгийн хямралын үед ч Баффетт энэ зарчмаа баримталж, хувьцаанд хөрөнгө оруулсаар байсан нь хожим өндөр өгөөж авчирсан юм.
Тэрбээр “Урт хугацаандаа АНУ-ын хөрөнгийн зах зээлийн мэдээ эерэг байдаг. Энэ улс дэлхийн хоёр дайн, их хямрал, эдийн засгийн уналт зэрэг олон сорилтыг даван туулсан ч Dow Jones индекс 66 нэгжээс 11,497 хүрч чадсан” хэмээн онцолсон байдаг.
Тиймээс богино хугацааны савлагаанд хэт автахгүйгээр, ирээдүйн зорилгодоо төвлөрөн, чанартай хөрөнгөд тогтмол хөрөнгө оруулалт хийсээр байх нь хөрөнгө хуримтлуулах ухаалаг арга гэдгийг Баффетт зөвлөсөн юм.